/2023.01.20/: Яруу найрагч Ц.Хуланг гадаадын тагнуулын алба, хувь хүнтэй хамтран ажилласан, улсын нууцыг задруулсан хэрэгт буруутган ТЕГ-аас Хорих 461 дүгээр ангид 48 цаг саатуулсан билээ.
Өчигдөр түүнийг цааш хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болох байсан хэдий ч түүний өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүний даргалагч шүүгчийг солих санал гаргасан тул шүүх хурал түр хойшлогдоод байсан юм.
Тэгвэл өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх бүрэлдэхүүний зүгээс хүлээж аваагүй бөгөөд шүүх хурал өнөөдөр болж түүнийг нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргажээ.
Эрүүгийн хэргийн 19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах заалтад "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар нь гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа даруй мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө" гэж заасан байна.