/2023.01.17/: Ням гарагт Балбад осолдсон онгоцны ослын туслах нисгэгч нөхрөө 16 жилийн өмнө онгоцны ослоор алдсан нь тодорхой болжээ.
Анжу Хативада нь Yeti агаарын тээврийн компанийн 691-р нислэгийг туслах нисгэгчээр явж байгаад Покхар хотын ойролцоох хавцлыг мөргөж амь үрэгдсэн юм.
Түүний нөхөр Дипак Похрел нас барах үедээ мөн Yeti Airlines-ийн нислэгийн туслах нисгэгчээр ажиллаж байсан бөгөөд нөхрийнх нь үхэл түүнийг нисгэгч болоход нь нөлөөлсөн байна.
Тухайн үед тэрээр бяцхан хүүтэйгээ хоёулахнаа үлдсэн бөгөөд тохиолдсон уй гашуу нь түүнийг онгоцны нисгэгч болоход томоохон түлхэц болсон байна.
Нисгэгч эмэгтэйн гэр бүлийн гишүүн Сантош Шарма "Тэр мөрөөдлийнхөө төлөө зогсож, нөхрийнхөө мөрөөдлийг биелүүлсэн шийдэмгий эмэгтэй байсан" гэж хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.
Түүний нөхөр Дипак нь 2006 оны зургаадугаар сард баруун зүгийн Жумла хот руу будаа, хоол хүнс тээвэрлэж явсан "Twin Otter" онгоцны бүхээгт байсан бөгөөд тус онгоц 2006 оны зургаадугаар сард осолдож, есөн хүн амиа алдсан юм.
Дөрвөн жилийн дараа Анжу нисгэгч болох замдаа орж, АНУ-д суралцсан бөгөөд мэргэжил эзэмшсэнийхээ дараа тэрээр Yeti Airlines-д ажилд орсон байна.
Анжу нь тус компанид нисгэгчээр ажиллаж байсан зургаан эмэгтэйн нэг бөгөөд 6400 орчим цаг нисчээ.
Yeti Airlines компанийн ажилтны хэлснээр Анжу нь бие дааж нислэг үйлдэж байсан ажээ.
Харин түүний сүүлийн нислэг харамсалтайгаар төгсөж онгоцны зорчигчид бүгд амиа алдсан юм.
Эх сурвалж: ВВС