/2023.01.17/ Архины хамааралтай, орон гэргүй иргэдийг эрхшээлдээ байлгаж, албадан хөдөлмөрлүүлсэн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Тодруулбал, тус гэмт хэргийн талаарх гомдлыг 2023 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр цагдаагийн байгууллага хүлээн авсан байна. Улмаар “Г” нарын 4 иргэнийг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Шалгалтын явцад нэр бүхий 21 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, хохирсон байж болзошгүй иргэдийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийг томилсон байна. Мөн “Г” нар нь “Самарт авч явна” гэх утгатай зарыг фэйсбүүк орчинд байршуулан иргэдийг самарт авч явж, олсон ашгийг 40:60 харьцаатай хувааж авахаар сайн дурын үндсэн дээр тохиролцож явсан. Ингэхдээ зарим иргэдийн цалин хөлсийг тухай бүр өгөөгүй, хохирогч нарын биед халдсан зэрэг нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Иймд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах “Их нарт”, “Хүрэн морьтын даваа” гэх газруудад самарт явж, уг хэрэгт ямар нэгэн байдлаар хохирсон иргэд байвал Эрүүгийн цагдаагийн албаны 262066, 262425 дугаарын утсаар болон бичгээр гомдол, мэдээллийг хүлээн авч байна.