/2023.01.06/: Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нар ноос, ноолуурын салбарын 20 гаруй аж ахуйн нэгжтэй уулзаж, санал солилцлоо.
Уулзалтаар ноос, ноолуурын салбарын өнөөгийн байдлын талаар болон тогтоолд заасан худалдааны техникийн зохицуулалтын асуудлыг хөндөж ярилцав.
Засгийн газрын 2022 оны аравдугаар 19-ний өдрийн 380 дугаар тогтоолоор “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг баталсан. Тус техникийн зохицуулалтын хүрээнд “Экспорт, импортын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх ямааны ноолуур нь хялгас болон завсрын үсний агууламж 0.3 хувиас ихгүй байна” гэсэн зохицуулалтыг тусгасан нь зөвхөн самнасан ноолуурыг хилээр нэвтрүүлэх гол зохицуулалт болж байгаа юм.
Ноолуурын боловсруулалт, худалдаанд техникийн зохицуулалт хийснээр угаасан ноолуур экспортод гарахгүй, 4500 тонн хялгасыг нь ялгасан /самнасан/ ноолуур экспортолж, 2.1 сая ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн борлуулж, нийтдээ 660.0 сая ам.долларын борлуулалт хийж, салбарын борлуулалтын орлогыг 294 сая ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой. Түүнчлэн одоо байгаа 2200 ажлын байрыг тогтвортой хадгалж, 4400 орчим ажлын байр шинээр нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарсан.