Замуудыг эзэнжүүлж, цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмолжуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замуудыг эзэнжүүлж, цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмолжуулна

Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны дарга М.Баяраа шуурхай зөвлөгөөнийг удирдаж, нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгааг арилгахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цэвэрлэгээ, үйлчилгээнд тавих хяналт зэргийн талаар холбогдох байгууллагуудын удирдлага мэдээлэл өгөв.

Зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг 18 аж ахуйн нэгж хариуцан ажилладаг

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Нийслэлийн хэмжээнд орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 18 аж ахуйн нэгж, байгууллагын 971 үйлчлэгч 78 машин техниктэйгээр 13.2 сая ам метр зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажилладаг. Тухайлбал, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь 180 км гаруй зам буюу гол магистрал замууд, дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагууд туслах зам талбай болон орон сууцны дундах 5.5 сая ам метр талбай, холбогдох ТҮК болон бусад аж ахуйн нэгж 4.7 сая ам метр талбайг хариуцан ажиллаж байгаа. 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 4000 тонн гаруй давс, 2647 тонн бодис нөөцөлсөн. Энэ жил цас харьцангуй их орж байгаатай холбогдуулан давс, бодисын нөөцийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 1786 тонн давс, 631.8 тонн бодисын үлдэгдэлтэй. Цаашид 1700 тонн гаруй давс, 527 тонн бодис татаж авна. Мөн дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний байгууллагуудад татан авалт хийх чиглэлийг хүргүүлсэн. УБЗАА-наас дүүргүүдэд 675 тонн давсыг хүлээлгэн өгсөн. Мөн гэр хорооллын болон алслагдсан зам талбай, явган хүний замуудад цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлж ажиллах чиглэлийг хүргүүлж байна. Ерөнхий менежерийн өгсөн чиглэлийн дагуу зам цэвэрлэгээ, үйлчилгээний байгууллагуудын хүчин чадлын үнэлгээг хийнэ” гэв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа тохижилт, үйлчилгээний байгууллагууд өөрсдийн хариуцсан зам, талбайн цэвэрлэгээг хангалтгүй хийж байгааг онцолж, хүчин чадлаас шалтгаалан зарим тохиолдолд хувийн хэвшилтэй хамтрах боломж байгааг хэлж байлаа. Тэрбээр “Нийслэлийн өнгө үзэмж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг хангахын тулд цэвэрлэгээг цаг алдахгүй хийх ёстой” гэлээ.

Зам цэвэрлэгээний технологи, аргачлалаа өөрчлөх шаардлагатай

Хог хаягдал, тээвэрлэлт, цэвэрлэгээ үйлчилгээнд тавьсан хяналт, цаашид анхаарах ажлын талаар Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн ТББ-ын тэргүүн А.Нямдорж “Зам, талбайн үйлчлэгчдийн тоог нэмэх шаардлагатай. Ихэнх газрын зам, талбайн үйлчлэгчдийн цэвэрлэх зам талбайн хэмжээ стандартаас хэтэрсэн. Мөн техник, багаж хэрэгслийн хангалт муу байна. Зам цэвэрлэгээний технологи, аргачлалаа өөрчлөх, машин техник, ажиллах хүчээ нэмэх шаардлагатай. Ачаалал нэмэгдсэн үед нэмэлт ажиллах хүчийг дайчлах, зам талбайн үйлчлэгч нарын амрах байрыг нэмэгдүүлэх, цагийн менежментийг сайжруулах шаардлагатай” гэв.

Б.Мөнхцэцэг: Зам, талбайд ажиллах хүн олдохгүй байна

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т тулгамддаг асуудлын талаар тус газрын дарга Б.Мөнхцэцэг “Явган хүний замуудыг маш олон материалаар хийснээс болж асуудал үүсдэг. Тухайлбал, Зүүн салааны явган хүний замын хавтанг асфальтаар хийсэн, цэвэрлэхэд төвөгтэй, үйрсэн. Гэтэл арслантай гүүрний явган хүний замыг гантигаар хийсэн учир хүмүүс их халтирч байна. Зам, талбайд ажиллах хүн олдохгүй байна. Хотын төв магистралыг зургаан удаа цэвэрлэх тарифтай. Гэтэл цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 22-25 өдөр цэвэрлэгээ хийж байгаа. Түүнчлэн хэчнээн тонн бодис, давс цацах хэмжээг стандартын дагуу тогтоовол эдийн засагт үр өгөөжтэй гэж бодож байна” гэв.

Замуудыг эзэнжүүлж, цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмолжуулна

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер дараах үүрэг, даалгаврыг өглөө. Тодруулбал,

  • Халиа тошин үүсдэг байршлуудад хяналт, шалгалт хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлтгэл зохион байгуулалтыг хангаж ажиллах.
  • Нийтийн эзэмшлийн гудамж, замын эгнээ тусгаарлах хайс, хашлага засварлаж, бүрэн бүтэн байдлыг хангаж, угааж цэвэрлэх.
  • Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлэг, модны гэрлэн чимэглэлийн асалт хангалтгүй байгаад онцгойлон анхаарах.
  • Зам, талбайн цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийг Хөдөлмөрийн хуулийн 88-р зүйлд нийцүүлэн “Шөнийн цагаар гүйцэтгэх” зохион байгуулалт руу шилжих, ажлын явц, үр дүн, үүсэж буй асуудал, шийдвэрлэх гарц, шийдлийг нэгтгэж танилцуулах.
  • Явган хүний замын халтиргаа гулгааг арилгах ажилд төрийн байгууллагууд манлайлан оролцож, оюутан залуус, олон нийт, сайн дурын болон хүчний байгууллагуудыг татан оролцуулж, богино хугацаанд бодит үр дүнд хүрсэн компаничилсан ажлыг зохион байгуулах.
  • Орон сууц, хотхон хороолол, гэр хорооллын дундах зам, талбай, автобусны буудал, замын нуухны цэвэрлэгээг бүрэн, чанартай хийх, бодис, давстай цасыг ногоон байгууламжид хийхгүй байх.
  • Шинээр ашиглалтад орсон болон цэвэрлэгээ, үйлчилгээ хийгдэхгүй байгаа замуудыг бүрэн эзэнжүүлж, цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмолжуулах.
  • Аж ахуйн нэгж байгууллагуудын орчны 50 метр зам талбайн цэвэрлэгээг чанартай хийлгэж, хэрэглэж буй багаж хэрэгслийн нөөцийг бүрэн байлгах, хяналт тавих.
  • Давс, бодисын нөөцлөлтийг нэмэгдүүлж, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх, цаашид лабораторийн шинжилгээ хийлгэж, дүгнэлтэд үндэслэж ашиглалтад хүлээж авч байх.
  • Хог, цэвэрлэгээ, тээвэрлэлтэд орчин үеийн машин механизм, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ашиглах талаар судалгаа, хөрөнгө төсвийн тооцоолол хийж, дүүрэг, хувийн хэвшлийн байгууллагуудын саналыг нэгтгэж танилцуулах. Төр хувийн хэвшлийн оролцоо хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухалчлах.
  • Дүүрэг бүр аж ахуйн нэгж байгууллагуудын орчны 50 метр хүртэл зам талбайн заагийг зурагжуулан баталгаажуулж, цэвэрлэгээ үйлчилгээний гэрээг байгуулах, 2023 онд зохион байгуулах бүх нийтийн их цэвэрлэгээний хуваарь, аж ахуйн нэгж байгууллагуудыг бүрэн хамруулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах.
  • Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууцны хотхон, хороолол дундах тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнгийн арчилгааны зардлыг дүүргийн төсөвт тусгах, эзэнжүүлэх зэрэг үүрэг, даалгавар өглөө.

Эх сурвалж: НЗДТГ

Н.Учрал: Цагаан сараас өмнө угийн бичиг хөтлөх цахим системийг нээнэ
Н.Учрал: Цагаан сараас өмнө угийн бичиг хөтлөх цахим системийг нээнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.