/2023.01.03/: БНАСАУ удирдагч Ким Чен Уны дараа орох хамгийн хүчирхэг цэргийн албан тушаалтан Пак Чен Чоныг ажлаас нь халсан тухай тус улсын төрийн хэвлэл мэдээллээ.
Эрх баригч Ажилчны намын Цэргийн төв зөвлөлийн дэд дарга, Намын төв хорооны нарийн бичгийн дарга Пакийг өнгөрсөн долоо хоногт болсон тус хорооны жилийн хурлаар Ри Ён Гил-ээр сольсон гэж албан ёсны KCNA агентлаг ням гарагт мэдэгдэв.
Яагаад өөрчлөлт хийх болсон шалтгаанаа одоогоор тайлбарлаагүй байна. Пхеньян удирдлагаа байнга шинэчилдэг бөгөөд жилийн эцсийн намын цуглааныг боловсон хүчний өөрчлөлт, томоохон бодлогын шийдвэрүүдийг зарлахад ашигладаг юм.
Ким тэргүүтэй тус намын Цэргийн төв зөвлөл нь Батлан хамгаалах яамнаас дээгүүр эрх мэдэлтэй тул тус улсын цэргийн шийдвэр гаргах хамгийн хүчирхэг байгууллага гэж тооцогддог байна.
Шинжээчдийн таамаглаж байгаагаар тус улсын 2023 оны батлан хамгаалахын стратегид АНУ, Өмнөд Солонгосыг эсэргүүцэх тив алгасагч шинэ баллистик пуужин болон илүү олон цөмийн зэвсгийг хөгжүүлэхийг уриалсантай холбогдуулан Пакыг сольсон байх магадлалтай аж.
Пак нь 2015 онд тус улсын ойрын тусгалын пуужингийн технологийн дэвшилд хувь нэмрээ оруулсны гавьяагаар тавхан жилийн дотор их бууны командлагчаас генерал болтлоо хурдан шат ахисан юм.
2020 оны сүүлээр Пак улс төрийн товчоонд дэвшиж, Кимийн үеийн цэргийн дээд цол болох маршал цол хүртэж, өнгөрсөн арваннэгдүгээр сард Өмнөд Солонгос-АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцсэн гол дуу хоолой болсон юм.
Эх сурвалж: CNN