/2023.01.02/ Өвлийн хүйтэнд автомашиндаа хүүхдээ төрүүлсэн гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаад байна. Бид үүнтэй холбоотойгоор ЭМЯ-наас тодруулга авч хүргэсэн.
Тэгвэл Өргөө амаржих газраас мөн тайлбар өглөө. Тухайн өдөр хүлээн авахын жижүүр эмчээр ажилласан н.Мөнхшүр:
-Би арванхоёрдугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл жижүүр эмчээр ажилласан. Тухайн өдрийн 22:42 цагт тухайн аав орж ирээд "Гадаа хүн өвдөөд байна" гэж хэлсэн. Манай эмч хариуд нь "Хаана байгаа юм бэ, харьяалал нь хаана вэ" гэж асуусан. Ингэхэд юм хэлэлгүй буцаад гарсан. Тухайн үед би 2-3 эхэд тусламж үйлчилгээ үзүүлж байсан. Улмаар тухайн иргэн буцаж орж ирсэн байдаг. Бичиг баримтыг нь барьчихсан "Толгой нь цухуйчихлаа, төрөх үйл ажиллагаа эхэлчихлээ" гэсэн мэдээллийг энэ үеэр өгсөн. Тэр даруйд манай эх барих эмч гарч ойр байсан багаж материалаа аваад гарсан байгаа. Би үлдсэн хүмүүст тусламж үзүүлчхээд яваад очиход эх төрчихсөн байсан. Энэ үйл явц 5 минут л үргэлжилсэн байх гэлээ.
Түүнчлэн тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал н.Алтантуяа:
-Шат шатанд хариуцлага тооцно. Тухайн аав мэдээллийг дутуу өгсөн. Үүнээс болж ойлголцлын зөрүүтэй байдал үүссэн гэж үзэж байна. Тухайн үед хоёр эх барих эмч ажиллаж байсан. Мөн нэлээд олон үйлчлүүлэгчтэй байсан. Эхнэрийгээ дүлэлттэй байгаа гэдгийг мэдээлж чадаагүйгээс ийм асуудал үүссэн гэж ойлгож байгаа. Тухайн гэр бүл, нийгэмд ийм бухимдал үүсгэсэндээ манай байгууллага хүлцэл өчье гэв.