/2021.12.24/: Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90, эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал төрийн ордонд боллоо.
Баярын хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлж, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хүндэтгэлийн хурлыг нээж үг хэллээ.
Хуралд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай тэргүүтэй албаны төлөөллүүд, геодези зураг зүйн салбарын 140 гаруй ахмад ажилтан, салбарын аж ахуй нэгж байгууллагын нийт 500 гаруй төлөөлөл оролцлоо.
Хүндэтгэлийн хурлын арга хэмжээний үеэр Монгол улсад геодези зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн түүхийг харуулсан “Геодези, зураг зүйн 90 жил” баримтат киног үзүүллээ.
Геодези, зураг зүйн салбарын үүсэл нь Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат барилгачин Рагчаатай салшгүй холбоотой билээ. Б.Рагчаа нь 1970 оноос эхлэн 1990 он хүртэл Улсын Геодези, зураг зүйн газрын даргаар тасралтгүй ажиллаж, нийт 765 инженер техникийн ажилтантай болтол нь хөгжүүлж, тус салбарын бат бөх суурийг тавьж өгчээ.
Өнөөдөр энэ салбар дэлхийн нийтийн хэмжээнд мөрдөгдөж байгаа технологиудыг амжилттай нэвтрүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ шинэ шатанд гаргах зорилгоор геопорталыг ашиглалтад орууллаа. Мөн олон жилийн түүхт уламжлалт газар зүйн нэрнүүд мартагдах, дур мэдэн өөрчлөх зэргээс сэргийлэн ажиллаж байгаа юм. Геодези, зураг зүйн салбарт өнөөдөр 282 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж, нийт 10 мянга гаруй албан хаагч ажиллаж байна.
Эх сурвалж: БХБЯ