Монголд 10 жилийн дотор ховор, нэн ховор амьтдын тоо 70-90 хувиар буурчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголд 10 жилийн дотор ховор, нэн ховор амьтдын тоо 70-90 хувиар буурчээ

/2022.12.20/: Дэлхийн байгаль хамгаалах сангийн судалгаанд Монголд сүүлийн 10 гаруй жилийн дотор ховор, нэн ховор амьтдын тоо толгой 70-90 хувиар буурсан гэх мэдээлэл байна.

1980 иад онд 40 мянга орчим аргал хонь, 140 мянга орчим халиун буга, тоологдож байсан бол 2001, 2004 оны тооллогоор 13 мянга орчим аргаль хонь, 10 мянга орчим халиун буга тоологдож, 2000 оны тооллогоор 5 мянга орчим байсан монгол бөхөн 2005 онд 1500 орчим болтлоо буурсан дүн гарсан.

Ховор амьтнаар ч зогсохгүй элбэг гэж үзэгддэг амьтад тарвага, цагаан зээр зэрэг амьтдын тоо толгой ч цөөрсөөр байна.

Экологийн цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Г.Лхам:

Экологийн цагдаагийн албанаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ онд нийт хүрээлэн байгаа орчны эсрэг 537 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тухайлбал хууль бусаар мод бэлтгэх, ан агнах гэх мэт улирлын шинж чанартай гэмт хэргүүд нэлээдгүй бүртгэгдэж байна. Хамгийн сүүлийн байдлаар буюу энэ оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Баруунтурууны шалган нэвтрүүлэх пост дээр Экологийн цагдаагийн албаны алба хаагчид хяналт шалгалт хийх явцад Хөвсгөл аймгаас том оврын тээврийн хэрэгсэлтэй 162 ширхэг хөлдөөсөн тарвага оруулж ирэх гэж байсныг илрүүлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч ажиллалаа.

Улсын хэмжээнд хууль бусаар ан агнах гэмт хэрэг энэ оны эхний 11 дүгээр сард 62 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2 хэргээр буюу 3.3 хувиар өссөн үзүүлэлттэй, нийт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 49.2 хувийг эзэлж байна.

Нийслэлийн байгаль орчны газрын улсын байцаагч Д.Төмөрбаатар:

Сонгинохайрхан ууланд л гэхэд 21 аргаль, 2 угалз бий. Тэдгээр амьтдыг хамгаалах, хужир мараа тавих зэрэг ажлуудыг Мянганы сорилтын сан, захиргаа удирдлагууд болон байгальдаа ээлтэй бүхий л газартай хамтран ажиллаж байгаа юм. Мөн нохой устгалын компанитай хамтрах гэж байгаа учир нь тухайн дархан цаазтай амьтдын гол дайсан нь зэрлэг ноход болчхоод байна. Саяхан л гэхэд нэгнийх нь хөлийг хазаад гэмтээчихсэн. Тиймээс бид хүсэлт тавьсан.

Ан амьтдыг сүйрлийн ирмэгт хүргэж байгаа нэг том хүчин зүйл бол ангийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зохисгүй буюу хууль бус худалдаа юм. Үүнийг ихэнх хүмүүс хулгайн ан ихсээд ан амьтан цөөрч байна гэж ойлгодог нь өрөөсгөл талтай.

Экологийн цагдаагийн албаны Эргүүл хяналт шалгалтын хэлтсийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Ёндонжамц:

Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоон дээр Экологийн цагдаагийн албаны алба хаагчид 24 цагаар цагийн менежментийн дагуу үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Хяналт шалгалт хийх явцад хориотой ан агнуур тэр тусмаа тарваганы зөрчил ихээр илэрч байна. Тухайн тээврийн хэрэгсэлд хориотой ан агнуур илэрсэн тохиолдолд тарвагыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч, холбогдох бичиг баримт бусад зүйлсийг Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтэст хүлээлгэн өгч арга хэмжээ авч байна. Мөн чоно, зэрлэг гахайн мах тээвэрлэсэн зөрчлүүд гардаг тиймээс жолооч нар дайвар ачаа авч байгаа тохиолдолд заавал шалгаж авахыг зөвлөж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулинд Улсын тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ан амьтан агнасан тохиолдолд дараах шийтгэлүдийг оноодог.

24.5 дугаар зүйл.Хууль бусаар ан агнах

1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Нийслэлийн байгаль орчны газрын Толгойт хэсгийн ахлагч Н.Дүгэрсүрэн:

Манай Толгойт хэсэгт хууль бус ан агнуур харьцангуй гайгүй байдаг хэдий ч тарваганы асуудал бол зуны улиралд багагүй гарчихдаг. 2021 онд хөдөлгөөн мэдрэгч, ан амьтнаа судлах чиглэлээр хяналтын камер байршуулж үзсэн. Тоо толгойг нь мэдэх, амьтад аюулд өртсөн эсэхийг шалгахаас эхлүүлээд нэлээдгүй хэрэгтэй юм байна лээ. Манай иргэдээс мэдээлэл ирсэн тохиолдолд бид хугацаа алдахгүй хууль бусаар ан агнасан этгээдүүдийг барих боломжтой. Тиймээс иргэд та бүхэн байгаль орчноо хайрлан хамгаалж хууль бусаар ан агнасан, агнаж буй тохиолдолд мэдээллийг цаг алдалгүй өгч байхыг уриалж байна.

Хууль бусаар ан агнуур хийх явдлыг зогсооход Монгол хүн бүрийн оролцоо нэн чухал юм. Иргэн та хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эд зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Нүүрсний асуудлаарх хяналтын сонсголд оролцохоор 298 хүн хүсэлт өгчээ
Нүүрсний асуудлаарх хяналтын сонсголд оролцохоор 298 хүн хүсэлт өгчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.