/2022.12.15/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ. Тэрээр:
-МАН долоон жилийн турш эрх барьж байна. Үнэмлэхүй олонх байсан. Бүх шатанд төр барьж байгаа. Бүх хуул, хяналтын байгууллагыг атгаж байгаа. Гэтэл өнөөдөр ЖДҮ, концесс, Хөгжлийн банк, нүүрсний асуудал гээд бүх зүйл дээр АН-ыг буруутгаж байна. "Бид нар маш ариухан, сөрөг хүчин л муухай" гэж ярьдгаа хэзээ болих юм бэ. Энэ хугацаанд АН-ынхан бүгд гудамд байсан. Тэгээд тэр хүмүүсийг шалгахгүй яасан юм бэ. Зөндөө шалгасан, юу ч гараагүй биз дээ. Хоёр жилийн турш би Гашуунсухайтын хулгай, луйврын асуудлыг ярьж байна. Гэмт хэргийн шинжтэй бүх зүйлийг ярьж байхад АТГ яагаад хяналт тавиагүй юм бэ.
Нүүрс бүртгэлгүй гарсан юм бол түүнд нь хяналт тавиагүй хилийн Цэргийн тагнуулын газрын даргад хариуцлага тооцох ёстой биз дээ. Бүрдүүлэлт хуурамчаар хийхэд хяналт тавиагүй ГЕГ-ын даргад хариуцлага тооцох ёстой. ЭТТ-н Б.Ганхуяг намайг хоёр удаа цагдаад өгсөн. Би цагдаад гэмт хэргийн талаар тодорхой мэдээллийг бүгдийг нь өгсөн. Энэ мэдээллийн мөрөөр ажиллаагүй цагдаагийн даргадаа хариуцлага тооц. Хамгийн үл бүтэх нэг хулгайч байгаа. Тэр бол Автотээврийн үндэсний төвийн дарга.
Өөрсдийнхөө гар хөл болсон хүмүүст хариуцлага тооцохгүй байж орон нутгийн өмчит компанид БЭТ томилоод яваад байна. Үүнийхээ оронд өөрсдийнхөө гар хөлд хариуцлага тооцохыг ЗГ, парламентаас шаардаж байна гэв.