/2022.12.15/: 2023-2025 оныг Монголд зочлох жил болгож буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны дэргэд “Аялал жуулчлалын салбарын нэгдсэн стандартыг боловсруулах, шинэчлэх”-тэй холбоотой асуудлыг шийдвэрлэх дэд ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ахлан ажиллаж байна.
Зочлох жилийн хүрээнд гадаад, дотоодын жуулчдын ая тухтай аялах нөхцөлийг хангах, аюулгүй байдлыг бий болгох, үйлчилгээний чанарыг сайжруулахтай холбогдуулан аялал жуулчлалын салбарт мөрдөгдөж буй стандартуудыг сайжруулах, шинээр боловсруулах ажлын хэсэг 2022 оны 12 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд БОАЖЯ дээр ажиллаж байна.
Аялал жуулчлалын салбарт өөрчлөх шаардлагатай MNS 5738:2007 Дэн буудал, Ерөнхий шаардлага, MNS 5927:2008 Зочид буудлын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага, MNS 6043:2019 Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавих Ерөнхий шаардлага, MNS 5231:2003 Жуулчны авто тээврийн үйлчилгээ.
Ерөнхий шаардлага, MNS 5283:2022 Гудамж зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж байгууллагын хаягийн тэмдэгт тавих Ерөнхий шаардлагуудыг өөрчлөх ба мөн цаашид олон улсад мөрдөгдөж буй аялал жуулчлалын салбарын зарим стандартуудыг боловсруулах зайлшгүй шаардлагатай байна.
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан энэ үед салбарын стандартыг шинэчлэх, шинээр боловсруулах, хэрэглээнд нэвтрүүлэхэд БОАЖЯ болон салбарын төлөөлөл хамтран ажиллаж байна.
Эх сурвалж: БОАЖЯ