/2022.12.14/: Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2005 онд баталж, төрийн худалдан авах ажиллагааг шинэ шатанд гаргах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Гэвч тус хуулийг баталснаас хойш нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй холбогдуулан төрийн худалдан авах ажиллагааны цар хүрээ ихээр нэмэгдэх, бусад салбар хуулиудын шинэчлэлтэй холбогдсон зохицуулалтыг тусгах үүднээс нийт 32 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Энэхүү хуулийн төсөлд 2019 онд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд цахим худалдан авалттай холбоотой нэмэлт, өөрчлөлт орсон боловч худалдан авах ажиллагааны бүх үе шатыг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэхэд хангалтгүй байна гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлангийн судалгаанаас үзэхэд 955 иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллийн 94.5 хувь нь цахим системээр тендер шалгаруулалтын мэдээлэл, урилгатай танилцдаг бол, 78.1 хувь нь нэн тэргүүнд цахим системээс тендер шалгаруулалтын үр дүн, захиалагчийн шийдвэрийг хүлээн авдаг байна.
Иймд хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүний оролцоог бууруулах, худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлын нэмэгдүүлэх, шуурхай хялбар тендер шалгаруулалт хийх, хариуцлагын тогтолцоог сайжруулах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.
Худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх хүрээнд худалдан авах ажиллагааны төлөвлөх үе шатаас гэрээ дүгнэх хүртэл үе шатны мэдээллийг удирдах мэдээллийн нэгдсэн эх үүсвэрийг худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д төвлөрүүлэн, хөгжүүлэх эрх зүйн үндсийг бий болгосон.
Хуулийн шинэчлэлийн хүрээнд тендерт оролцогчоос өөрийн тендерийг нууцлан ирүүлсэн боломжтой тендерийн материалын хязгаарыг тодорхойлох, шалгарсан тендерт оролцогчийн ирүүлсэн материалыг ил тод болгохоос татгалзах тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг төсөлд тусгасан байна.
Түүнчлэн худалдан авах ажиллагааны ил тод байдлыг баталгаажуулж нээлттэй мэдээллийг нуун дарагдуулсан албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг нэг мөр журамлах, хууль тогтоомж зөрчигдсөн тохиолдолд буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгожээ. Тухайлбал, олон нийтээс худалдан авах ажиллагаанд хяналт тавих механизм болох шүгэл үлээх боломжийг цахим системд бүрдүүлжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар тендер шалгаруулалтын ажиллагаанд ил тод байдал сайжирч, тендерт оролцогчоос тавих хөндлөнгийн хяналт нэмэгдэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдан, улмаар тендер шалгаруулах ажиллагаанд итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна.
Эх сурвалж: УИХ