/2022.12.02/: Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Б.Саранчимэг тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Канад Улсын Парламентын Нийтийн танхимын гишүүн, Хөдөө аж ахуй, хүнсний байнгын хорооны дарга Коди Блуатай уулзаж, хоёр улсын хооронд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд парламентын зүгээс дэмжлэг үзүүлэх талаар санал солилцов.
Монгол Улс, Канад Улс иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэхийг зорин ажиллаж байгаа бөгөөд эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэхийг талууд санал нэгтэй онцлон тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр Байнгын хорооны дарга Б.Саранчимэг Канадын хөдөө аж ахуйн технологийг Монголд нутагшуулах, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар байр сууриа илэрхийлсэн бөгөөд Монгол Улс байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлого баримталж байгаа талаар танилцуулсан юм.
Канад Улсын Парламентын Нийтийн танхимын гишүүн, Хөдөө аж ахуй, хүнсний байнгын хорооны дарга Коди Блуа хоёр улсын хооронд тогтоосон дипломат харилцаа идэвхжин хөгжиж байгааг тэмдэглээд хөдөө аж ахуйн салбарын төдийгүй бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн. Цаашид хоёр улсын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааны манлайлал чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцоллоо.
Тэрбээр, хоёр улсын их, дээд сургууль, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн салбарт хамтарсан судалгаа хийх, Канадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хангамжийн менежментийн системийг Монголд нэвтрүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдав.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг тэргүүтэй төлөөлөгчид Канад Улсын Сенатын гишүүн Б.Клемон, Нийтийн танхимын Хөдөө аж ахуй, хүнсний сайдын Парламентын нарийн бичгийн дарга Франсис Друан, Нийтийн танхимын дарга Э.Рота, Хөдөө аж ахуй, хүнсний сайд М.К.Бибо нартай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцаж, санал солилцлоо. Мөн тус улсын Сенатын танхимын болон Нийтийн танхимын хуралдааны явцтай танилцсан юм.
Уулзалтуудад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Г.Дамдинням, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Г.Ганболд, Н.Наранбаатар болон албаны бусад хүмүүс оролцов.
Эх сурвалж: УИХ