Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалаас ОНЦЛОХ 9 ШИЙДВЭР
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалаас ОНЦЛОХ 9 ШИЙДВЭР

/2022.11.29/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпиний урилгаар энэ сарын 27-28-ны өдөр БНХАУ-д төрийн айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдэл гаргасан юм.

Тус мэдэгдлээс онцлох 9 шийдвэрийг хүргэж байна.

1. Хятадын тал Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэр, далайн гарц болон эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг импортлоход үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ.

2. Талууд харилцан тохиролцсон улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын бүтээн байгуулалтыг идэвхтэй урагшлуулж, Монгол, Хятадыг холбох төмөр замын шинэ гарцыг ойрын хугацаанд нээнэ.

3. Талууд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хоёр улсын хооронд иргэд зорчих шууд нислэгийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлнэ.

4. ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг идэвхтэй урагшлуулна.

5. БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын ногоон хөгжлийн бүтээн байгуулалт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тохиролцов.

6. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хүүхэд залуучуудын спорт цогцолборыг БНХАУ-ын тал буцалтгүй тусламжийн санхүүжилтийн хүрээнд шийдвэрлэхээр боллоо. Энэхүү цогцолборт 5000-6000 хүүхэд залуучууд хичээллэх боломжтой дэлхийд эхний 10-т орох томоохон төв болох юм.

7. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Урлагийн их театр барьж байгуулах төслийг мөн буцалтгүй тусламжийн хүрээнд санхүүжүүлэхээр тохиролцов. Нарийвчилсан ТЭЗҮ хийгдэж байна.

8. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нүүрсний экспортыг жилийн 40-70 сая тоннд хүргэх санал тавьсныг Хятадын тал дэмжлээ. 2019 онд 31 сая тонн нүүрс экспортолсон нь хамгийн өндөр үзүүлэлт болж байсан юм.

9. Монгол Хятадын гадаад худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 20 тэрбум долларт хүргэхээр талууд тохиролцлоо. Худалдааны эргэлт одоогоор 10 тэрбум ам доллар байгаа юм.

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас Баянхонгор аймагт дэмжлэгт хяналт хийлээ
ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас Баянхонгор аймагт дэмжлэгт хяналт хийлээ
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.