/2022.11.28/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ долоо хоногийн даваа гараг буюу өнөөдөр нийслэлийн бүх сургууль, цэцэрлэг цахимаар хичээллүүлэх захирамж гаргасан билээ.
Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1496 дугаар захирамжтай холбогдуулан Боловсролын ерөнхий газраас нийслэлийн Боловсролын газарт дараах зөвлөмж, чиглэлийг хүргүүлжээ.
Үүнд:
- Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх шатны боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын эцэг эх, асран хамгаалагчдад шаардлагатай зөвлөмж, чиглэлийг хүргүүлж, хүүхэд залуусыг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;
- Цахим сургалт нь хүүхэд бүрд хүртээмжтэй бус тул ялгаатай байдалд тохирсон уян хатан, ачаалал дарамтгүйгээр ажиллах боломжийг багш нарт олгох, хяналт-шалгалт, ирц бүртгэл, тайлан мэдээ нэрийдлээр нэмэлт ажил төлөвлөхгүй байх;
- Цахим /зайн/ сургалтын бэлтгэл ажил, зохион байгуулалт бүрэн хангагдах боломжгүй тохиолдолд хүүхэд, залууст бие даан, өөрийн удирдлагатай суралцах боломжийг олгох, тэдний уншсан ном, сурсан дуу, бүжиг, шүлэг, зурсан зураг, бүтээл, бичсэн эсээ, тэмдэглэл зэрэг санаачлан хийсэн үйл ажиллагаа бүрийг дэмжиж, урамшуулах зөвлөмжийг боловсролын сургалтын байгууллагуудад өгч, арга зүйн удирдлагаар хангах;
- Мedle.mn сайтаас теле хичээл үзэх, бие даан ажиллах дасгал ажлын дэвтрийг ашиглах талаар мэргэжил, арга зүйн дэмжлэгийг цэцэрлэг, сургуулиудад үзүүлэх, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй уялдуулан сурагчдын нас, бие сэтгэхүйн онцлогт нь тохирсон бие даалт өгөх талаар анхаарч, боловсролын байгууллагуудад зөвлөн туслах;
- Цахим сургалт зохион байгуулах боломжгүй сургуулиуд, цахим сургалтад хамрагдах боломжгүй суралцагчдад тухайн өдрийн хичээлийг дараагийн улирлуудад нөхөн орох төлөвлөлтийг хийж ажиллах;
- Хүүхэд, залуус, эцэг эх, асран хамгаалагчдад биеийн дархлаагаа дэмжих, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, цахим орчинд зүй зохистой ажиллах талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх;
- Мэдээлэл хүрээгүйгээс 2022 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр хичээл, сургуулиа зорин ирсэн сурагч, оюутан залуусыг хүлээн авах чиглэлийг цэцэрлэг, сургуулийн жижүүр, манаач нарт өгөх, шаардлагатай анги танхимыг бэлэн байлгах, буцаасан тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, гэртээ харьсан эсэхэд тусгайлан хяналт тавьж, тэмдэглэл хөтлөх;
- Ахуйн хүрээний осол гэмтлийг бууруулах талаар болон бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх зөвлөмж чиглэлийг цахим орчноор дамжуулан эцэг эх, асран хамгаалагчдад өгөх;
- Захирамжийн 2-д заасан жирэмсэн болон 12-оос доош насны хүүхэдтэй багш, ажилтныг гэрээс нь ажиллуулах чиглэлийг мөрдөж ажиллахыг үүрэг болгожээ.
Харин Их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехникийн коллежууд холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд дотооддоо зохицуулалтаа хийн ажиллахаар тусгасан байна.