/2022.11.25/ Ирэх даваа гарагт нийслэлийн бүх сургууль, цэцэрлэг цахимаар хичээллэх шийдвэрийг гаргажээ.
Бямба гарагаас эхлэн 36 цаг цас орно гэсэн урьдчилсан мэдээ байгаа. Зарим газраар цасан шуурга шуурч цаг уурын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа тул ийнхүү захирамж гаргажээ.
Амралтын өдрүүдэд орох цаснаар хот тохижилтынхон бүрэлдэхүүнээрээ ажиллах гэнэ. Хүүхдүүдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд гарч болох эрсдлээс сэргийлэн энэхүү арга хэмжээг авсан гэлээ.
Мөн ирэх даваа гарагт цаг уурын нөхцөл байдлаас болж түгжрэл эрс нэмэгдэх эрсдэлтэй байна. Харин амралтын өдрүүдэд болон ирэх даваа гарагт зах худалдааны төвүүдийн үйл ажиллагааг огт хориогүй гэлээ. Захирамжийн хүрээнд:
Захирамжийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга
- Төрийн болон төрийн бус өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлэх;
- Эмнэлэг, цагдаа, онцгой байдал, инженер хангамж, дэд бүтцийн чиглэлээр байнгын бэлэн байдлыг ханган ажилладгаас бусад нийслэл, дүүргийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчдын 60-аас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 10 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулах;
- Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор зорчилт хөдөлгөөний ачаалал ихтэй гудамж, замын уулзварт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах;
- Чиглэлийн тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрлэн дохио бүхий тээврийн хэрэгслүүдийг үндсэн чиглэл, маршрутын дагуу зорчилт хийхийг дэмжих зохион байгуулалтын арга хэмжээ авч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллах;
- Замын хөдөлгөөний урсгал, чиглэлийг түр өөрчилж, хязгаарласан гудамж, замуудад нийтийн хэв журам, аюулгүй байдал, бэлэн байдлыг хангаж, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажиллах;
- Замын хөдөлгөөний цогц үйл ажиллагааны цаг үеийн зохион байгуулалтыг удирдан ажиллах зэргийг холбогдох албаныханд үүрэг болголоо.