/2022.11.23/: Индонезийн Баруун Ява мужийн оршин суугчид ихтэй дүүрэгт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас байшин барилгууд нурж, 268 хүн амь үрэгдсэн осол мягмар гарагт болсон юм.
Амиа алдагсдаас гадна 151 хүн ор сураггүй алга болж, 1000 гаруй хүн шархадсан гэж тус улсын Гамшгаас хамгаалах үндэсний агентлаг (BNPB) мэдээллээ.
АНУ-ын Геологийн албаны (USGS) мэдээлснээр, орон нутгийн цагаар даваа гарагт 10 километрийн гүнд газар хөдлөлт болсон байна.
BNPB-ийн хошууч генерал Сухарянто "Газар хөдлөлтийн улмаас 22,000 гаруй байшин барилга нурж, 58,000 гаруй хүн дүрвэсэн" гэв.
Баруун Ява мужийн амбан захирагч Ридван Камил "Газар хөдлөлт сургуулиуд хичээллэж байх үеэр таарсан учраас амь үрэгдэгсдийн дийлэнх нь хүүхдүүд байна. Амь үрэгдэгсдийн тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байна" гэв.
Save the Children тусламжийн байгууллагын мэдээлснээр газар хөдлөлтөд 50 гаруй сургууль өртжээ.
Одоо сураггүй алга болсон хүмүүсийг нурангин дотроос эрэн хайх ажиллагааг нутгийн аврах албаны аврагчид гүйцэтгэж байгаа аж.
Эх сурвалж: CNN