/2022.11.17/ Мэдээ мэдээллийн mpress.mn сайт "Цэцэрлэгийн барилга орон сууц болох ИЛБИЙГ ҮЗЭХ ҮҮ" сурвалжлагыг бэлтгэн хүргэж байсан билээ.
Энэ нь, Оросууд БЗД-ийн 6-р хороонд 4 адилхан цэцэрлэгийг барьж өгөхөөр төлөвлөсөн ч, 3-г нь барьж өгсөн нь одоогийн 122, 129, 147 дугаар цэцэрлэгүүд юм. Харин нэгийг нь барьж дуусгалгүй орхисныг 1990-ээд онд хувьчилжээ.
Улмаар 2015 онд “Наран трейд” ХХК тус газарт цэцэрлэг сургууль барина гэж газар авсан ч өдийг хүртэл нэг ч тоосго аваачиж тавилгүй агуулах болгон ашигласаар өдийг хүрсэн юм. Харин энэ жилээс тус газарт барилга барихаар ажлыг эхлүүлсэн ч тэр хавийн оршин суугчид эсэргүүцэн, олон хоног жагсаж цугласныг та бүхэн санаж буй биз ээ.
Тэгвэл Нийслэлийн захирагч Д.Сумъяабазар "Нарантрейд" ХХК-ийн эзэмшиж байсан 9076 м.кв газрыг нийтийн эзэмшилд авч, тохижуулах шийдвэр гаргалаа. Ингэхдээ хувьчилж авсан обьектыг нь сууриар нь үлдээгээд бусад газрыг нь нийтийн эзэмшилд авсан байна.
"Бид цаашид нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүлж, ногоон байгууламж, тоглоомын талбай олноор байгуулна" хэмээн Нийслэлээс мэдэгдлээ.