/2022.11.09/ Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа.
Тэрээр:
Монгол Улс газар нутгийн хэмжээгээр дэлхийд дээгүүрт жагсдаг. Нэг хүнд оногдох газар нутгийн хэмжээгээр нэгдүгээрт ордог. Өнөөдрийн байдлаар 3,4 сая хүн амын хүн амын нутагшил суурьшилтын төлөвлөлтөд тооцож үзэхэд олон хот барих боломжгүй байна. Учир нь ажлын байрууд дагалдах ёстой. Улаанбаатарын төвлөрлийг сааруулах Хөшигийн хөндий, Өмнийн говийн сумдыг хот болгох, Дархан, Эрдэнэтийг өргөжүүлэх асуудлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Орхоны хөндийд шинэ Хархорин хот барих тогтоолын төслийг хэлэлцээд дэмжин УИХ-д өргөн барихаар боллоо. Энэ бол маш олон жил яригдаж байсан асуудал. Уг тогтоолыг УИХ-аар баталсны дараа газрын байршлыг судлах, ТЭЗҮ, хөрөнгө оруулалтыг судлах гээд урт хугацаандаа хэрэгжих бодлого юм. Шууд барьж эхэлнэ гэсэн үг биш.
Орхоны хөндийд Түрэгийн эзэнт гүрэн, Уйгар, Уйгарын хар балгас, Эзэн Чингис хааны үеийн Хархорин хот гээд өвөг дээдсийн минь суурин байсан дурсгалт газрууд бий гэлээ.