/2022.11.8/ Өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд #Nodoublestandart, #NoWar, #PoliceReform хөдөлгөөнүүдийг санаачлагчдыг яллагдагчаар татах шүүх хурал үргэлжилж байна.
Шүүх хуралд оролцож буй Б.Цацралын мэдээлж байгаагаар дээрх хөдөлгөөний залуус болох Ц.Чинбатад 2 жил, Э.Одбаярт 1,9 сар, Л.Ганхөлөг 8 сар, Б.Билгүүн 8 сар, Бямбагэрэлд 2 жилийн хорих ялыг тус тус зүйлчлэхээр мөн БЗД-ээс гарах эрхийг хязгаарлах саналыг прокурор гаргаж байгаа ажээ.
Шүүх хурал одоогоор завсарласан байна.
Эдгээр залуусын санаачилсан #Nodoublestandard хөдөлгөөн нь цар тахлын үеийн санхүүжилтээ ил тод зарлах, ковидын үеийн хуулиа цуцлахыг шаардан тайван жагсаал хийж байсан. Мөн ШШГЕГ, 461-р хорих ангиас Д.Монголхүүг оргуулсан гэх хэргээр болон Эрүүгийн хуулийн хоёр заалтаар яллагдагчаар татагдаад байгаа юм.
Энэ нь Эрүүгийн хуулийн 23-ийн 1 буюу Хууль сахиулагчийг эсэргүүцсэн, 13-ын 14 буюу Худал мэдээлэл тараах гэсэн зүйл ангиуд юм.
#NoWar Дайныг эсэргүүцэж, энхтайванд уриалан, хүний эрх, тусгаар тогтнолоо хамгаалахыг шаардсан иргэдийн үзэл санааны #NoWar хөдөлгөөний тайван жагсаал энэ сарын 6-ны өдөр 40 дэх удаагаа ОХУ-н элчингийн гадаа болсон. Энэ хэрэгтэй холбогдуулан Зөрчлийн тухай хуулиар зургаан төрлийн зөрчлийн хэргээр шалгагдаж байгаа юм.
Мөн #PoliceReform хийх буюу цагдааг татан буулгаж бүрэн шинэчлэл хийх шаардлага нийгэмд үүсээд удаж байна. Үзэл бодлоо илэрхийлэх үедээ иргэд цагдаагийн байгууллагаас ихээхэн дарамт шахалтад ордог юм байна хэмээн Б.Цацрал үзэл бодлоо илэрхийлээд байна.