/2021.08.24/: Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Солонгос-Монголын Ногоон хэрэм төслийн захирал Сон Ингёныг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Засгийн газар 2005 онд “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөр баталсан. Хөтөлбөрийн хүрээнд 2035 он хүртэл Монгол орны баруунаас зүүн зүгийг холбосон говь цөл, тал хээрийн бүсийн заагт элсний нүүлт цөлжилтөөс хамгаалах үндсэн болон туслах зурвас бүхий 3700 км урттай нийт 200 мянган га-с доошгүй ойн зурвас байгуулах юм.
Харин нийслэл хотод Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дамбадаржаад 40 га газарт иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрөөх Монгол Солонгосын найрамдалт цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Уг цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй төрлийн мод, ургамал тарихаас гадна унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоом болон спортын талбай, Монгол орны унаган модны танин мэдэхүйн цэцэрлэг, манай улсын тал хээрийн бүсийн цэцэгсийн цогцолбор байгуулсан.
Энэ нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаас гадна иргэдийн амралт, чөлөөт цагаа эрүүл орчинд өнгөрөөх, экологийн боловсрол эзэмшихэд чухал нөлөө үзүүлж буй юм.
Тэгвэл уг төслийн III шат болгож, Улаанбаатар хотын тодорхой байршлыг ойжуулах төлөвлөгөөтэй байгаагаа төслийн Захирал Сон Ингён хэллээ. Тэрбээр “Мод тарих нь чухал ч тарьсан модоо ургуулах нь хамгийн гол ажил. Ойжуулах төслийн үр дүнг сайжруулахын тулд иргэдийг татан оролцуулах нь чухал. Тиймээс Нийслэлийн ИТХ-тай хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Улаанбаатар данц ганц хүн амын өсөлтөөр бус, хот бүхэлдээ өргөжин тэлж байгаа. Гэхдээ хотын хөгжил байгаль орчинд ээлтэй байх ёстой. Орон сууцны томоохон хороолол, нийтийн эзэмшлийн барилга, гудамж талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээс гадна гэр хорооллыг дахин төлөвлөхдөө ногоон байгууламжийг нь хамт хийх ёстой.
Энэ тал дээр нийслэлийн иргэдийн санал санаачилга сайжирч, ногоон байгууламж шаарддаг, байгаагаа хамгаалдаг болсон нь сайшаалтай” гэлээ. Улмаар Улаанбаатар хотын тодорхой байршлыг ойжуулах чиглэлд Ногоон хэрэм төслийнхөнтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Уулзалтад мөн “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Д.Авирмэд оролцож, нийслэлд байгуулж буй зургаан дэд төвийн төлөвлөлтөд ногоон байгууламжийн асуудлыг орхигдуулахгүй гэдгийг онцолсон юм.
Эх сурвалж: НИТХ