/2022.10.19/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаж, салбарын хяналтын үйл ажиллагаа, онцгой болон тусгай чиг үүргийн хяналт шалгалтаас бусад хяналтын үйл ажиллагааг хувийн хэвшил, ТББ-аар гүйцэтгүүлнэ.
Монгол Улсын хувьд төрийн хяналт шалгалтыг хуулиар зохицуулах, хяналтын нэгдмэл тогтолцоог бий болгох зорилгоор төрийн хяналт шалгалтын тухай хуулийг 2003 онд шинэчлэн баталж салбарын сайд тус бүрийн дэргэд байсан улсын хяналтын 13 нэгжийг нэгтгэн МХЕГ-ыг байгуулсан байдаг. Одоогоор тус байгууллага 1600 гаруй алба хаагчтай. Тогтолцооны хувьд 21 аймаг, нийслэл, дүүрэгт мэргэжлийн хяналтын хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн.
МХЕГ-т 1600 алба хаагчтай үйл ажиллагаа явуулахаас гадна яамдууд дээр давхардсан тоогоор 1400 байцаагч мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг явуулж байгаа нь тогтоогдсон. Энэ нь иргэд, олон нийтийн байгууллага, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн зүгээс төр давхардсан хяналт шалгалтаар бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна гэдэг гомдлын үндэслэл энэ гэж үзэж байна.
Мэргэжлийн хяналтын байгууллага 20 жилийн хугацаанд өөрийн зорилт, чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж ирсэн. Гэхдээ цаашид тус байгууллагын тогтолцоог өөрчлөн зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Иймд холбогдох хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн.
Мөн МХЕГ-аас салбарын хяналт шалгалтын үйл ажиллагааг авч явах зорилготойгоор 800 орчим мэргэжлийн хяналтын байцаагчид салбар салбарын яамд дээр очиж ажиллана. Энэ хүрээн 300 орчим орон тоог цомхотгож байгаа юм гэлээ.