/2022.10.11/ Ид шидийн орон төслийн орон нутагт хэрэгжиж буй анхны жишиг төсөл Дундговь аймагт сүндэрлэжээ.
Энэ оны тавдугаар сарын 1-ний өдөр эхэлсэн тус төсөл өнөөдрийн байдлаар барилга бүтээн байгуулалт 95 хувь, санхүүжилт 85 хувьтай үргэлжилж байгаа талаар төслийн удирдагч Ч.Ганжавхлан мэдээлсэн байна.
Ид шидийн орон Дундговь төв баригдсанаар 4000 хүүхэд 6 чиглэлийн 18 төрлийн сургалт, 10 төрлийн хөтөлбөр, клубт хамрагдах боломж, нөхцөл бүрдэх ажээ. Барилгын бүтээн байгуулалтаас гадна бүрэн хэмжээний тоглоомын талбай, спортын талбай, 10 мянга гаруй модтой төгөл зэрэг олон зүйлийг бүтээн бий болгожээ.
Энэ бүхнийг Лантуун дохио ТББ-ынхан олон нийтийн дэмжлэгтэйгээр бүтээсэн байна. Тус төслийн бодит өртөг нь нийт 953 сая төгрөг бөгөөд дотор тохижолтын хамт 100 хувь бүрэн хийгдэж дуусахад одоо 87 сая төгрөг дутуу байгаа ажээ.
Тиймээс нээлттэй өдөрлөгийг зохион байгуулахаар болсон байна. "Энэ өдөрлөгөөр төсөл эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл дэмжсэн, төсөлд хандив өргөсөн олон мянган хандивлагчдадаа талархах, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа нээлттэй дэлгэн үзүүлнэ. Мэдээж тус арга хэмжээ хүн бүрд нээлттэй бөгөөд 10 сарын 12-16-ны хооронд өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд буюу 5 өдөр үргэлжилнэ" гэж Ч.Ганжавхлан өөрийн сошиал хуудсаараа дамжуулан мэдээлжээ.