/2022.10.05/ Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өчигдөр болж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
"Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны долдугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн "Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны тавдугаар сарын 07-ны өдөр Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлагдсантай холбогдуулан “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 45 дугаар тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолын 1.2-т “Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг энэ хуульд нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хуралд 2022 оны зургаадугаар сард багтаан өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт даалгасан.
Засгийн газраас Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа 2050”-ыг боловсруулж, Улсын Их Хурлын 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6.5-д Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Дунд хугацааны буюу 10 жилийн хугацаанд хэрэгжих хөгжлийн бодлогын баримт бичиг нь дараах Хөгжлийн зорилтот хөтөлбөр байна гэж заасан байдаг. Үүнд:
- хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр;
- нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөр;
- эдийн засгийн болон дэд бүтцийн хөгжлийн зорилтот хөтөлбөр;
- байгаль орчны зорилтот хөтөлбөр;
- засаглалын зорилтот хөтөлбөр;
- бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр;
- үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтот хөтөлбөр юм.
Үүний дагуу Монгол Улсын дунд хугацааны Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төслийг боловсруулах хугацаанд ажлын хэсэг 43 удаагийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, давхардсан тоогоор төрийн байгууллага, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл бүхий нийт 1000 гаруй хүн төслийн хэлэлцүүлэгт оролцож, саналаа тусгасныг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулгадаа онцлов.
Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг нь Монгол Улсын ирээдүйн 30 жилийн хөгжлийг тодорхойлсон, Монголын Эзэнт гүрний түүх, нүүдэлчин соёл иргэншил, үндэсний давтагдашгүй онцлогт суурилж, дэлхийн хөгжлийн дэвшилтэт үзэл баримтлалтай хослуулсан “Монгол хөгжлийн загвар” юм. “Алсын хараа-2050” нь 2030, 2040, 2050 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжих бөгөөд Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийг боловсруулахдаа “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод туссан эхний арван жилд хүрэх зорилго, зорилтуудыг бүх салбарын оролцоотойгоор хангахад чиглүүлж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлыг цогцоор авч үзэн, хөгжлийн үр шимийг иргэн бүрд тэгш, хүртээмжтэй хүргэх зарчмыг баримтлан боловсруулсан гэлээ.
Хөгжлийн 6 зорилтот хөтөлбөрийн хүрээнд 28 зорилго, 95 зорилт, 374 үйл ажиллагааг томьёолон тусгасан. Хөгжлийн зорилтот хөтөлбөрт эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, бүтээлч иргэнтэй болох, шударга, ёс зүйтэй, хүмүүнлэг нийгмийг цогцлоох, хүн амын амьжиргааг дээшлүүлж, ядуурлыг бууруулах, тогтвортой өсөлт бүхий, мөчлөг сөрсөн эдийн засгийн суурийг бэхжүүлэх чиглэлээр бодитой үр дүн гарсан байх зорилтыг дэвшүүлсэн байна.
Хөгжлийн зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2030 онд эдийн засгийн жилийн дундаж өсөлтийг 6 хувьд хадгалах, хүний хөгжлийн индексийг 0.74-өөс 0.85 оноонд хүргэх, дундаж наслалтыг 70.7-оос 78 болгож нэмэгдүүлэх, мөн ядуурлын түвшнийг 28.4-өөс 15 хувь болгож бууруулах, засаглалын үр нөлөөний үзүүлэлтийг 45.7-оос 71.9 нэгж болгон өсгөх, үндэсний өрсөлдөх чадварын индексээр дэлхийд эзлэх эрэмбийг 20 байраар урагшлуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг томоохон зорилтуудыг тусгасныг салбарын сайд танилцууллаа.
“Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, М.Оюунчимэг, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, О.Цогтгэрэл, Т.Доржханд нар ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авлаа.
Түүнчлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Х.Булгантуяа нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв.
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх баримт бичиг цөөнгүй батлагдан гарч байгаа ч хэрэгжилт хангалтгүй байгааг Байнгын хорооны гишүүд хэлж байна. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, М.Оюунчимэг, Д.Батлут нар хөгжлийн зорилтот хөтөлбөрт тусгасан үйл ажиллагаануудын хүрэх үр дүн, суурь үзүүлэлт, төсөв, хөрөнгө оруулалтын тооцоолол хангалтгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байв. Харин Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Ж.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл, Б.Баттөмөр нар хөгжлийн зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг тодорхой тусгаж, эдийн засгийн үр өгөөжийг бодитоор төлөвлөх, улсын дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтийг өргөн хүрээнд тооцоолж, эрэмбэлэх шаардлагатай гэв. Мөн салбар хоорондын бодлогын уялдааг сайжруулах, сахилга, хариуцлагыг чангатгах асуудалд анхаарч ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайдад хэллээ.
Ингээд Монгол Улсын Засгийн газраас 2022 оны долдугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжлээ.
Тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулахаар болов.
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Үргэлжлүүлэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.
Ирэх жилд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь цар тахлын сөрөг нөлөө бүрэн арилаагүй, дэлхий нийтэд геополитикийн хямрал нүүрлэж, тодорхой бус байдал туйлын өндөр, амаргүй цаг үед боловсруулагдсан. Иймд эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, түүнтэй уялдуулсан бодлогыг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүлж байгаа. Дэлхий нийтэд тодорхой бус байдал өндөр үед төсөв, мөнгөний бодлого нь харилцан уялдаатайгаар эдийн засгийг тогтвортой байдлыг хангаж, бизнесийн орчны тогтвортой байдал, иргэдийн амьжиргааг хамгаалахад чиглэсэн гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч онцлов.
Цар тахал, геополитикийн нөхцөл байдал нь Монгол Улсад шууд болон шууд бусаар нөлөөлж өнгөрсөн 2 жил гаруй хугацаанд манай эдийн засгийн идэвхжил сул байсан. Энэ оны эхний хагас жилд хөл хорионы дэглэм суларч, төсөв, мөнгө, санхүүгийн бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгч, дотоод эрэлт эрчимжсэнээр эдийн засаг 2022 оны эхний хагас жилд өнгөрсөн оны мөн үеэс 1.9 хувиар тэлсэн. Тухайлбал, тээвэр, уул уурхай, барилгын салбараас бусад бүх салбар өсөж, өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалт үргэлжлэн сэргэсэн. Эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, уул уурхайн бус салбарууд нийт дүнгээр 2019 оны мөн үеэс 5.2 хувиар өндөр байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүн цар тахлын өмнөх үеийн түвшнээс давсныг илтгэж байгааг төслийн танилцуулгад тусгасан байна.
Төв банкнаас ирэх онд эрдэс бүтээгдэхүүний экспорт хэвийн түвшинд хүрч, уул уурхайн салбарын өсөлт нэмэгдэж, уул уурхайн бус салбар тогтворжино. Экспорт сайжирч, 2023 онд эдийн засаг 4-5 хувиар өснө гэсэн тооцооллыг хийсэн байна.
Түүнчлэн 14.4 хувьтай байгаа инфляцыг ирэх оны эцэст нэг оронтой тоонд хүрж, инфляцын зорилтын дээд интервалд дөхөх хүлээлттэй байгаа бөгөөд цаашид инфляцыг 6%-ийн голчтой +/-2 хувийн интервалтай түвшинд тогтворжуулах дунд хугацааг харсан мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ.
Мөн үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн, бизнесийн орлогыг төрөөс дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллахаар тусгасан. Гадаад валютын гадагшаа урсах чиглэлийг бууруулж, гаднын шууд хөрөнгө оруулалтуудыг дэмжих чиглэлд онцгойлон анхаарч төслийг боловсруулсан гэв.
Банк, санхүүгийн салбарын эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлэх ажлын хүрээнд банкуудад АйПиОу (IPO) гаргах боломж нээлттэй байгаа учраас шинээр татагдах хөрөнгийн хэмжээгээр зээл олголт хэвийн болно гэж Төв банк тооцоолжээ. Ирэх онд экспортын орлогыг нэмэгдүүлснээр төлбөрийн тэнцлийн дарамт буурч, макро эдийн засгийн бодлогын хувьд банкны системийн шинэчлэлийг гүнзгийрүүлнэ. Монголбанкны мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдлыг анхаарахад чиглэсэн үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхээр төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгасан байна.
Тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Т.Доржханд, М.Оюунчимэг, О.Цогтгэрэл, Х.Булгантуяа нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөлөө