/2022.10.03/: Барууныхан хууль бус гэж зарласан Донецк зэрэг дөрвөн бүс нутгийг Москва өөртөө нэгтгэснээс хойш нэг өдрийн дараа Оросын зэвсэгт хүчин стратегийн чухал хот болох Лайманаас ухарлаа гэж Оросын Батлан хамгаалах яам бямба гарагт мэдэгдэв.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський гол хот "бүрэн чөлөөлөгдсөн" гэж мэдэгдэв.
Энэхүү ухралт нь өнгөрсөн сард зүүн хойд Харьков мужид амжилттай сөрөг довтолгоо хийснээс хойших Украйны хамгийн чухал амжилт юм.
Украин дахь Оросын дайны сүүлийн үеийн товч мэдээг хүргэе.
Автомашины цуваа руу дайрсны улмаас 10 хүүхэд амь үрэгджээ: Украины зүүн хэсгийн Купянск хотын ойролцоох автомашины цувааг ОХУ бөмбөгдсөний улмаас 22 энгийн иргэний цогцос олдсоны 10 нь хүүхэд байсан гэж Харьков мужийн прокурорын газраас бямба гарагт мэдэгдэв. Украины Аюулгүй байдлын алба (SBU) "Дайны гэмт хэрэг"-ийг мөрдөн шалгах болно гэж Telegram дээр мэдэгдэв.
Запорожье үйлдвэрийн захирлыг саатууллаа: Украины Запорожье АЦС-ын ерөнхий захирлыг Оросын эргүүл саатууллаа гэж “Энергоатом” улсын цөмийн компанийн ерөнхийлөгч Петро Котин бямба гарагт мэдэгдэв. Ерөнхий захирал Игорь Мурашов үйлдвэрээс гарч машиндаа сууж байхад нь “машинаас нь буулгаж, нүдийг нь таглаж, үл мэдэгдэх зүг рүү авч явсан байна." Котин болон Украины Гадаад хэргийн яам ОХУ-д түүнийг суллахыг уриалав.
Данийн Эрчим хүчний агентлаг: "Хойд урсгал" дамжуулах хоолой дээр даралт тогтворжсон нь алдагдсан хийн гадагшлах урсгал зогссоныг харуулж байна гэж Данийн эрчим хүчний агентлаг ням гарагт мэдэгдэв.
НАТО-гийн 9 орны Ерөнхийлөгч Украиныг гишүүнээр элсүүлэхийг дэмжиж байна: Чех, Эстони, Латви, Литва, Хойд Македон, Монтенегро, Польш, Словак, Румын Улсын Ерөнхийлөгч нар "2008 оны Бухарестийн НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын ирээдүйн гишүүнчлэлийн талаарх шийдвэрийг" тууштай дэмжиж байгаагаа илэрхийлэв. Уг мэдэгдэлд; “Бид Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж байгаагаа дахин илэрхийлж байна. Оросууд Украины газар нутгийг өөртөө нэгтгэх гэсэн оролдлогыг бид хүлээн зөвшөөрөхгүй, хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Путин Украины бүс нутгийг өөртөө нэгтгэх тухай хуулийн төслийг өргөн барилаа: ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Донецк, Луганск, Херсон, Запорожжийн мужуудыг өөртөө нэгтгэх тухай гэрээ хэлэлцээрүүдийг Төрийн Думд өргөн барилаа. Баримт бичгийг ням гарагт Думын цахим мэдээллийн санд нийтлэсэн байна. Путин мөн эдгээр бүс нутгийг нэгтгэх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн тухай ням гарагт Оросын төрийн мэдээллийн ТАСС Төрийн Думын Төрийн байгуулалт, хууль зүйн хорооны хэвлэлийн албанаас иш татан мэдээлэв.
Лайманыг чөлөөлсөн нь Украинчууд Оростой хийсэн дайнд ахиц дэвшил гаргаж байгааг харуулж байна гэж НАТО-гийн тэргүүн мэдэгдлээ: Украины зүүн нутгийн Лайман хотыг чөлөөлсөн нь Украинчууд ахиц дэвшил гаргаж байгааг харуулж байна гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ням гарагт мэдэгдэв. Столтенберг NBC телевизэд өгсөн ярилцлагадаа "Украины энэ ахиц нь "Украинчууд ахиц дэвшил гаргаж, Оросын армийг түлхэж чадна гэдгийг харуулж байна" гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN