/2022.10.03/: Төв болон Зүүн Европын НАТО-гийн есөн орны ерөнхийлөгч нар ням гарагт хамтарсан мэдэгдэл гаргаж, Орос Украины нутаг дэвсгэрийг өөртөө нэгтгэснийг буруушааж, Украинд үзүүлэх цэргийн тусламжаа дорвитой нэмэгдүүлэхийг НАТО-д уриалав.
Уг мэдэгдэлд эдгээр улсын удирдагчид “дайны үеэр Киевт айлчилж, Оросын түрэмгийллийн үр дагаврыг нүдээрээ харсан” гэж тэмдэглэжээ.
“Бид Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж байгаагаа дахин илэрхийлж байна. Оросууд Украины аль нэг газар нутгийг өөртөө нэгтгэх гэсэн оролдлогыг бид хүлээн зөвшөөрөхгүй, хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдэлд дурджээ.
Бүгд Найрамдах Чех, Эстони, Латви, Литва, Хойд Македон, Монтенегро, Польш, Словак, Румын улсын ерөнхийлөгч нар "Украины ирээдүйн эвсэлд гишүүнээр элсэх тухай НАТО-гийн 2008 оны Бухарестийн дээд хэмжээний уулзалтын шийдвэрийг" тууштай дэмжиж байгаагаа илэрхийлэв.
"Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг хамгаалахыг бид дэмжиж, Оросыг эзэлсэн бүх газар нутгаасаа нэн даруй гаргахыг шаардаж, бүх холбоотнууд Украинд үзүүлэх цэргийн тусламжаа мэдэгдэхүйц нэмэгдүүлэхийг уриалж байна" гэж мэдэгджээ.
Мэдэгдэлд мөн "түрэмгийллийн гэмт хэрэг үйлдсэн бүх хүмүүст" хариуцлага тооцож, хуулийн байгууллагад хандахыг уриалав.
Эх сурвалж: CNN