/2022.09.29/: Москвагийн Улаан талбайд “Донецк, Луганск, Запорожье, Херсон-Орос!” гэсэн сурталчилгааны самбар, аварга том видео дэлгэц бүхий тайз босгожээ.
ОХУ-ын парламентын дээд танхимын тэргүүн ерөнхийлөгч Владимир Путины 70 насны ой болохоос гурав хоногийн өмнө буюу аравдугаар сарын 4-нд хэсэгчлэн эзлэгдсэн дөрвөн бүс нутгийг нэгтгэх асуудлыг хэлэлцэж магадгүй гэж мэдэгдсэн байна.
Өөрийгөө тунхагласан Бүгд Найрамдах Луганск Ард Улсын Москвад суугаа Оросоос томилогдсон элчин сайд Родион Мирошник РИА агентлагт "Энэ долоо хоногийн дотор нэгтгэх үйл ажиллагаа болох ёстой" гэж мэдэгджээ.
Тэрээр "Хамгийн гол зүйл болох бүх нийтийн санал асуулга аль хэдийн болж өнгөрсөн. Тиймээс галт тэрэг аль хэдийн хөдөлсөн, зогсоох боломжгүй гэж хэлье" гэв.
Украины нутаг дэвсгэрийн 15 орчим хувийг эзэлдэг газар нутгийг өөртөө нэгтгэхийн тулд Путины холбоотнуудын хяналтад байдаг Оросын парламент ямар нэг гэрээ байгуулж, батлах шаардлагатай. Дараа нь эдгээр бүс нутгуудыг Оросын нэг хэсэг гэж үзэх бөгөөд цөмийн хамгаалалт тэдэнд хүрэх болно.
'ХЭН Ч САНАЛ ӨГӨӨГҮЙ'
Сүүлийн өдрүүдэд Украины хяналтад байгаа бүс нутгууд руу дүрвэсэн оршин суугчид "албан тушаалтнууд буу тулган, гудамжинд саналын хуудсанд тэмдэглэгээ хийхийг хүчээр шахаж байгаа" тухай ярьжээ. Нэгэн бичлэгт Оросуудын томилсон албан тушаалтнууд зэвсэгтэй хүмүүстэй хамт саналын хайрцгийг айл айлаар авч явж байгааг харуулсан байна.
Оросуудад эзлэгдсэн Херсоны Гол Пристан тосгоны 43 настай Любомир Бойко "Тэд хүссэн бүхнээ зарлаж болно. Гэсэн хэдий ч бүх нийтийн санал асуулгад Оросын талын хэдхэн хүнээс өөр хэн ч санал өгөөгүй. Тэд айлаар явж байсан ч хэн ч гарч ирээгүй" гэж ярьжээ.
Санал хураалт нь олон улсын хууль тогтоомжийн дагуу сайн дурын үндсэн дээр явагдсан бөгөөд ирц өндөр байсан гэж Оросын тал үзэж байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Их Британи, Канад, Герман, Турк зэрэг гадаадын удирдагчдад хандан хэд хэдэн удаа уриалга гаргаж, тус улсыг нэгтгэхийн эсрэг олон улсын дэмжлэг авахыг хичээсэн.
АНУ Украинд зориулж 1.1 тэрбум долларын зэвсгийн багцыг танилцуулсан бөгөөд үүнд 18 өндөр хөдөлгөөнт их бууны пуужингийн систем (HIMARS) харвах төхөөрөмж, дагалдах сум хэрэгсэл, янз бүрийн төрлийн сөнөөгч нисгэгчгүй нисэх систем, радарын систем багтсан байна. Энэхүү мэдэгдэл нь АНУ-ын аюулгүй байдлын тусламжийг 16.2 тэрбум долларт хүргэв.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Орос улс Донецкийг бүхэлд нь хяналтандаа авах хүртлээ тэмцлээ үргэлжлүүлэх шаардлагатай гэж мэдэгдэв. Одоогийн байдлаар 40 орчим хувь нь Украины хяналтад хэвээр байна.
Эх сурвалж: Reuters