/2022.09.28/: Флоридагийн оршин суугчид Иан хар салхи ойртож байгаа энэ үед томоохон далайн түрлэг, үер, салхины аюулаас болгоомжилж байна.
Энэхүү шуурга Кубын баруун хэсгийг аль хэдийн дайрсан бөгөөд Флорида мужид хүрэхээс өмнө ширүүсэх төлөвтэй байна.
Гурван сая гаруй хүн амтай Тампа Бэй муж нь хүчтэй үерт өртөх магадлал өндөртэй АНУ-ын хамгийн эмзэг газруудын нэг юм.
Тус бүс нутаг нь 1921 оноос хойш анх удаа томоохон хар салхинд шууд нэрвэгдэх гэж байна.
"Тампад хар салхи хохирол учруулснаас хойш 100 орчим жил болж байна. Тэд удаан хугацаанд азтай байсан" гэж Олон улсын хар салхи судлалын төвийн туслах захирал Эрик Сална хэлэв.
Нам дор байрлах газар нутаг, далайн түвшин нэмэгдэх аюул, хүн ам олноор байгаа нь далайн түрлэгийн гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Харин тус мужид эдгээр хүчин зүйлүүд нэг дор байна гэж Ноён Сална хэлсэн байна.
Хэрэв Хар салхи энэ эрчээрээ шууд дайран өнгөрвөл ойрын хоёр өдрийн дотор бүс нутаг "танигдахын аргагүй" болж магадгүй гэж тэр хэлэв.
Иан хар салхи одоогоор гурав дахь ангилалд багтаж байна. Хар салхи 195 км/цагийн хурдтайгаар Флорида руу чиглэн ирж байгаа бөгөөд Мексикийн буланг дайран өнгөрөхдөө хүчээ авах төлөвтэй байгаа аж.
Иан Флорида руу ойртох тусам хурдаа алдаж, шуурганы нөлөөллийг сунгаж, зарим газарт 50 см хүртэл бороо орох аюул нүүрлэж болзошгүй юм.
Хэрэв энэ нь Тампа руу дайрвал мужийн хамгийн их хүн ам шигүү суурьшсан газруудын нэгийг дайрах болно.
Сүүлийн 50 жилийн хугацаанд Тампа мужийн эрэг дагуу бүтээн байгуулалт эрчимжиж, хүмүүс болон барилга байгууламжууд ихэвчлэн нам дор байрлах далайн эрэг дагуу тархан суурьшсан байна.
Эх сурвалж: ВВС