/2022.09.26/: Олон улсын болон Монголын ахмадын баярын өдөрт зориулсан дөрвөн төрөлт спорт наадам энэ өдрүүдэд болж байгаа бөгөөд шатар, граунд гольф, ширээний теннис, софт волейболын төрөлд аваргаа шалгаруулж байна.
Өнөөдөр уг тэмцээний нээлтийн ёслол үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын мастеруудын холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар тэргүүтэй хүмүүс оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.
Энэ үеэр О.Баасан дарга “Биеийн тамир, спортын улсын хорооноос ахмад руугаа чиглэсэн олон талт арга хэмжээ зохион байгуулдаг. Тухайлбал, Олон улсын болон Монголын ахмадын баярын өдрийг тохиолдуулан дөрвөн төрөлт тэмцээн зохион байгуулахад БТСУХ-ны зүгээс 19 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Эрүүл чийрэг бие бялдартай иргэн байх их үйлсэд тань амжилт хүсэе” гэв. Энэ наадмыг отголж буй софт волейболын төрөлд 56 багийн 300 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээнийг Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын ахмадын холбоо, Монголын мастеруудын хороо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тав дахь удаагийн арга хэмжээ энэ юм. Монголын ахмад тамирчдын хувьд тив, дэлхийн тавцанд олон гялалзсан амжилт байгуулснаас онцлоход хөнгөн атлетикийн ДАШТ-ээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн нь Цэрэндолгор юм.
Эх сурвалж: БТСУХ