/2022.09.16/ Жил бүр УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг уламжлалт “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” өнөөдрөөс эхэлж байна.
Энэ жилийн номын баяр “Илүү их уншъя” уриатайгаар энэ сарын 16-18-ны өдрүүдэд болох юм. Түүнчлэн 32 дахь удаагийн номын баярыг улс даяар зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Энэ жилийн тухайд 150 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд, 250 орчим шилдэг хэвлэн нийтлэгч, зохиолч, яруу найрагч зэрэг уран бүтээлчид оролцоно. Мөн шинээр хэвлэсэн ном товхимлын үзэсгэлэнгээс гадна ховор нандин номуудыг олон нийтэд дэлгэх юм.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан төдийгүй Ерөнхийлөгчийн зарлиг, Соёлын сайдын тушаалын дагуу энэхүү өдрүүдийг зохион байгуулдаг гэдгээрээ онцлогтой.