
Монгол хэлээр Библийн судар орчуулж эхэлсний 720 жилийн ойг энэ сарын 12–13-нд Улаанбаатар хотноо тэмдэглэжээ. Энэ талаар Ватиканы хэвлэл мэдээллийн агентлаг болох Agenzia Fides мэдээлсэн байна.
Тус арга хэмжээг Монголын Библийн нийгэмлэг, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны академи болон Үндэсний номын сан хамтран зохион байгуулжээ. Мөн Монгол хэл дээрх анхны бүрэн Библи хэвлэгдсэний 180 жилийн ойг давхар тэмдэглэсэн байна.
Монгол хэлээр Библи орчуулах түүхийг 1306 оны орчимд амьдарч байсан Францискийн шашны номлогч Жованни да Монтекорвинотой холбон үздэг. Тэрбээр Хятадын Ханбалик хотод байхдаа Шинэ Гэрээ болон Дуулал номыг тухайн үеийн татар хэл, бичгээр орчуулсан тухай захидалдаа тэмдэглэн үлдээжээ.
Харин монгол хэл дээрх Библийн орчуулгын хэвлэлийн түүх XIX зуунд эрчимжсэн бөгөөд 1827 онд Шинэ Гэрээ, 1840 онд Хуучин Гэрээ хэвлэгдсэн байна. Улмаар 1846 онд монгол хэл дээрх бүрэн Библи хэвлэгджээ.
Ойн хүрээнд Чингис хаан үндэсний музейд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, Улаанбаатар хотын BlueMon төвд Библийн орчуулгын түүхийг харуулсан үзэсгэлэн гаргасан байна.
Түүнчлэн 2024 онд Католик сүм болон Монголын Библийн нийгэмлэг хамтран католик болон протестант шашинтнуудын ашиглах боломжтой, нэгдсэн Библийн орчуулга бэлтгэх чиглэлээр тохиролцоонд хүрсэн аж.
Энэхүү арга хэмжээ нь Монголын хэл бичиг, орчуулгын түүх болон шашин хоорондын хамтын ажиллагааны олон зуун жилийн түүхийг эргэн сануулсан үйл явдал боллоо.

Эх сурвалж: Agenzia Fides
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.