/2022.09.15/ Залилах гэмт хэрэг нийт гэмт хэргийн 33%-ийг эзэлж байна.
Тодруулбал, 2018 онд 5 372, 2019 онд 4 688, 2020 онд 4 270, 2021 онд 6 558 байсан бол энэ оны эхний 6 сарын байдлаар 6 000 гаруй давжээ. Энэ төрлийн гэмт хэрэг 7-11 дүгээр сард өсөх хандлагатай байдаг байна.
Энэ оны 6 сарын байдлаар залилах гэмт хэргийн 65% нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Ингэхдээ Facebook-ээр мөнгө зээлэх, бараа худалдан авалт хийх, хуурамч зураг ашиглан харилцаа тогтоож нөгөө хүнийхээ итгэлийг олж мөнгө шилжүүлэх, бага хүүтэй зээл санал болгож урьдчилгаа шимтгэл авах, байгууллага болон олны танил хүмүүсийн нэрийг барьж азтан шалгаруулах гэх мэтээр залилжээ. Тухайн гэмт хэргийн 60.6% нь бусдыг хуурч мэхлэх, 23.8% нь бусдын итгэлийг эвдэх 4.4% нь гэрээ хэлэлцээ байгуулах, 1.7% нь мөнгө зээлэх зэрэг аргуудыг ашиглан иргэдийг төөрөгдөлд оруулан мэхэлдэг байна. Үүнээс шалтгаалан өнгөрсөн онд иргэдэд 143,9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
2011 онд цагдаагийн байгууллагад 688 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2021 онд 6 679 буюу 10 дахин өссөн тоо баримт гарчээ.Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.
Б.Баянзаяа