Манай улсын нийт халдварт өвчний 10 хувийг сүрьеэ өвчин эзэлдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай улсын нийт халдварт өвчний 10 хувийг сүрьеэ өвчин эзэлдэг

/2022.09.15/: Манай Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн сүрьеэгийн өвчлөл өндөр 7 орон, сүрьеэ өвчний дарамт өндөр 30 орны тоонд ордог.

Жилд 3500 орчим сүрьеэ өвчний шинэ тохиолдол бүртгэгдэж, халдварт өвчний 10 хувийг эзэлдэг бөгөөд халдварт өвчний шалтгаант нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог.

Хэдийгээр эрүүл мэндийн салбараас уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, тархалтыг бууруулахад чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга технологийг цаг алдалгүй практикт нэвтрүүлэх, хүн амд мэдээлэл хүргэх чиглэлээр анхааран ажиллаж байгаа ч сүүлийн жилүүдэд дэлхий дахинд КОВИД-19-ын цартахалын улмаас сүрьеэгийн илрүүлэлт буураад байна.

“СҮРЬЕЭГҮЙ АЗИ ТИВИЙГ БИЙ БОЛГОХ АРГА ЗАМЫГ ХАЙХ НЬ” Олон улсын эрдэм шинжилгээний тавдугаар хурлын нээж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг үг хэллээ.

Тэрээр “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цартахлын хүнд үеийг амжилттай даван туулж, цагийн зөрүүг үл харгалзан дэлхийн улс орны эрдэмтэн судлаачид өнөөдрийн олон улсын эрдэм шинжилгээний цахим хуралд оролцож байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хүн төрөлхтний түүхэнд их удаан хугацаанд зэрэгцэн оршиж буй халдварт өвчний нэг нь сүрьеэ өвчин юм. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд дэлхий нийтийг хамарсан шинэ коронавируст халдвар (КОВИД-19)-ын цартахлын нөхцөл байдал эрүүл мэндийн салбарт хүнд дарамт үзүүлэхийн хэрээр сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд ч бэрхшээл гарч байна.

Монгол Улс нь ДЭМБ-аас баталсан “Сүрьеэг-устгах стратеги”-2030-ийн зорилтыг хангах, сүрьеэгийн оношилгоо, эмчилгээнд сүүлийн үеийн тоног, төхөөрөмж, оношлуур, эм, эмчилгээний шинэ горимыг нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг өргөжүүлэх, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр анхаарал хандуулан ажиллаж байна. Өнөөдрийн хуралд оролцож, өөрийн орны нөхцөл байдал, туршлагаас хуваалцаж байгаа БНСУ, Япон, ОХУ, Тайвань, Бүгд Найрамдах Молдав, Гүрж, Индонез зэрэг улс орны эрдэмтэн судлаач, зочид төлөөлөгчид та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны нэрийн өмнөөс дахин талархал илэрхийлж байна” хэмээв.

Салбар хуралдааны нэгдүгээр хэсэгт Монгол, БНСУ, Тайвань, Индонез улс орны сүрьеэгийн тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын чиглэлээр 8, хоёрдугаар хэсэгт сүрьеэгийн судалгаа шинжилгээний үр дүнг танилцуулах 9, гуравдугаар хэсэгт сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний үр дүнгийн чиглэлээр 9, дөрөв болон тавдугаар хэсэгт 5 илтгэл тус тус танилцуулагдах юм.

Тус хурал есдүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд хуралд Монгол, Япон, БНСУ, Бүгд Найрамдах Молдав, Тайвань, Гүрж, ОХУ зэрэг орны эрдэмтэн судлаач, эмч, мэргэжилтэн, шийдвэр гаргагчид зэрэг 200 гаруй зочид төлөөлөгчид нэгэн зэрэг цахимаар холбогдон оролцож байна.

Эх сурвалж: ЭМЯ

Шороонд дарагдсан иргэдийг эсэн мэнд гаргажээ
Шороонд дарагдсан иргэдийг эсэн мэнд гаргажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.