Богино хугацаанд өндөр ашиг хүртээнэ гэсэн хууран мэхлэлтэд автагдахгүй байхыг анхаарууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Богино хугацаанд өндөр ашиг хүртээнэ гэсэн хууран мэхлэлтэд автагдахгүй байхыг анхаарууллаа

/2022.09.15/: Санхүүгийн зохицуулах хороо хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд санхүүгийн байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгох, тэдгээрийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажилладаг нь санхүүгийн зах зээлд зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэгчид болон хөрөнгө оруулагчид, хэрэглэгчдийн эрх ашиг хууль тогтоомжийн хүрээнд хамгаалагдах үндсэн суурь болдог.

Сүүлийн үед СЗХ-ноос олгодог дээр дурдсан зөвшөөрөл эрхлэгч санхүүгийн байгууллагуудаас өөр мэргэжлийн бус этгээдийн зүгээс цахим мэдээллийн хэрэгслээр дамжуулан бизнесийн байгууллага, нийгмийг хамарсан төсөл болон иргэд, олон нийтэд чиглэгдсэн богино хугацаанд, хялбар аргаар өндөр өгөөжтэй эх үүсвэр хөрөнгө татан төвлөрүүлэх, хямд өртөг бүхий зээл санхүүжилтийг амласан бусдыг төөрөгдүүлсэн зар сурталчилгаа нэмэгдсээр байгаа нь ирээдүйд бий болох санхүү, төлбөрийн чадварын бодит эрсдэлийг дагуулж байна.

Иргэд, олон нийтийн санхүүгийн мэдлэг, мэдээлэл дутмаг байдал ялангуяа богино хугацаанд их хэмжээний ашиг олох, өндөр өгөөж хүртэх хүсэл сонирхолд хөтлөгдсөнөөр хохирогч болох эрсдэл ихсэж болзошгүй байна.

СЗХ хуулиар олгогдсон чиг үүргийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 3, 11.10 дугаар зүйлийн 5.3, 5.4, 5.5 болон 11.33 дугаар зүйлийн 1-д зааснаар зөрчлийн хэрэг нээж шалган, шийдвэрлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулсан байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд хууль хяналтын байгууллагад шилжүүлж ажилладаг.

Иймд иргэн та аливаа хөрөнгө оруулалт хийх, зээл санхүүжилт авах шийдвэр гаргахдаа тухайн үйл ажиллагаа нь төрийн эрх бүхий байгууллагаас олгодог зөвшөөрөлд хамаарсан эсэх, ирээдүйд үүсч болзошгүй эрсдэлийн талаар санхүүгийн зах зээл дэх мэргэжлийн оролцогч байгууллагад хандан зөвлөгөө, мэдээлэл авах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүрт нь авахыг зөвлөж байна.

Мөн санхүүгийн аливаа үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр эрхэлж байгаа болон эрхэлж байж болзошгүй этгээдийн талаарх мэдээллийг [email protected] цахим холбоос болон +51-261677 дугаарын утсаар мэдээлэхийг зөвлөж байна.

103: Өдөрт дунджаар 1000-1200 дуудлага тогтмол ирж байна
103: Өдөрт дунджаар 1000-1200 дуудлага тогтмол ирж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.