/2022.09.12/ Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр их, сургуулиудыг нийслэлээс гаргах эсэх асуудлаар сайд Л.Энх-Амгалан тайлбар өгсөн юм. Тэрээр:
-Нийслэлээс их, дээд сургуулиудыг гаргана гэж шууд ярьж болохгүй. Бид хөдөө орон нутагт байгаа их, дээд сургуулиуд дээрээ тулгуурлаж зарим арга хэмжээг авахаар зорьж байгаа. БШУЯ-наас саяхан зарим их дээд сургуулиудыг нэгтгэсэн. Тодруулбал, Ховд, Дорнод, Архангай, Өмнөговь, Дархан, Эрдэнэтэд байгаа их, дээд сургуулиудыг МУИС, ШУТИС-ийн салбар сургууль болгож зарласан. Тиймээс цаашид Улаанбаатар хотод элсэн суралцаж байгаа 1,2 дугаар курсийн буюу ерөнхий эрдмийн хичээл үздэг оюутнуудыг орон нутагт нь байгаа МУИС, ШУТИС-д нь суралцуулах гарц шийдлийг хайж байна. Ингэснээр хотын түгжрэл буурахад нөлөөлнө. Мөн хот хөдөөгийн төвлөрлийг сааруулах давуу талтай гэв.