/2022.09.12/: Сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо.
Яамны болон харьяа байгууллагуудын өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг БХБЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан шуурхай хуралдаанд танилцууллаа.
Мэдээллийн дараа яамны газар хэлтсийн дарга нараас цаг үеийн асуудлуудаар нэмэлт мэдээлэл өгөв.
Мөн Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа барилгын материалын үнийн өсөлтийг тооцох чиглэлээр хийсэн магадлалын хүрээнд 636 төсөл арга хэмжээ магадлагдсан бөгөөд аудит оруулахаар ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв.
Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай ЗГ-ын 307 дугаар тогтоолоор “Хүнсний хангамжийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх” үндэсний хөдөлгөөний хүрээнд ХАА, тариалангийн газрын хэмжээг нэмэгдүүлэх, хянан баталгаажуулах ажлын төсвийг танилцуулав.
ЗГХЭГ-ийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг ажиллаж, Чулуунцарын үйлдвэрийн засварт нэмэлтээр шаардлагатай 8 чингэлэг тоосгыг есдүгээр сарын 12-ны өдөр үйлдвэрт буулгаж аравдугаар сарын 01-ний өдрөөс өмнө ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулсан талаар мөн мэдээлэл өгөв.
Дээрх мэдээллүүдтэй холбоотойгоор мөн ирэх 14 хоногт хийж гүйцэтгэх ажлуудын хүрээнд сайд Б.Мөнхбаатар газар хэлтсийн удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:
- Хөшигийн хөндийн шинэ хотын газар болон дэд бүтцийн эх үүсвэрүүдийн талаарх ажлын төлөвлөгөөг эцэслэж яаралтай танилцуулах,
- Солонго 1, 2 хорооллын төслийн мэдээллийг нарийвчилж, шадар сайдад танилцуулахад бэлдэх,
- Польш Улсын тусламжаар хэрэгжүүлж буй цэвэрлэх байгууламжуудыг ажлыг түргэвчилж, бараа материал, тоног төхөөрөмжийн үнийн асуудлыг нь нягтлах,
- Газрын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлдэх,
- Барилгын материалын ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээнүүдийг яаралтай авах.
Эх сурвалж: БХБЯ