"Индэр" булангийн энэ удаагийн дугаарт "Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо" ТББ-ын тэргүүн Б.Чулуундолгортой ярилцлаа.
-Сайн байна уу. Манай уншигчдад байгууллагынхаа талаар танилцуулахгүй юу? Хэдэн онд байгуулагдсан, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Манай тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо 2005 онд байгуулагдсан. Одоогоор долоон аймагт салбар зөвлөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Бид үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт, нөлөөллийн үйл ажиллагаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, тэдний талаар нийгэмд эерэг хандлага түгээх чиглэлээр нөлөөллийн ажил хийдэг. Нөлөөллийг олон нийтэд болон шийдвэр гаргагчдад гэж хоёр чиглэлээр явуулдаг. Хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх, чадавхжуулах, тэдний эрхийг хамгаалах гэсэн чиглэлээр ажилладаг. Гуравдугаарт, дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах. Тэргэнцэртэй иргэдийн хувьд тулгамдаж буй гол асуудлын нэг бол нийтийн тээвэр, явган хүний зам талбай, барилга байгууламжид чөлөөтэй нэвтрэх асуудал байдаг. Үүн дээр илүү төвлөрч ажилладаг. Дөрөвдүгээрт, гишүүдийг чадавхжуулах, идэвхжүүлэх гэсэн үндсэн дөрвөн том зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Хүний нөөцийн хувьд 10 хүний бүрэлдэхүүнтэй.
-Сүүлийн үед авч хэрэгжүүлж байгаа голлох ажлууд нь юу байна вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх, чадавхжуулах ажлынхаа хүрээнд эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж байна. Энэ асуудал нь өөрөө орхигдчихсон, хэн ч анзаардаггүй сэдэв байсныг анзаарч хараад хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн дэмжих бүлгүүдийг таван аймаг, улаанбаатар хотод нийт 9 бүлгүүдийг байгуулсан. Үүний хүрээнд 173 иргэдийг хамруулж, бүлгүүдийг чадавхжуулах ажлыг хийж гүйцэтгэж байна. Ажлын үр дүн нэлээд өндөр байгаа. Ихэнх төслүүд Улаанбаатар хот эсвэл ТББ-уудын дэргэдэх жижигхэн клубуудээр хэрэгждэг бол бид нэлээд өргөн хүрээнд ажиллаж байгаа. Дархан, Сэлэнгэ, Хэнтий,Баянхонгор, Өвөрхангай, Архангай гэсэн аймгуудыг хамраад үйл ажиллагаа маань хэрэгждэг. Энэ жилээс Өмнөговь болон Увс аймгийн нэмэхээр зорьж байна. Бид зөвхөн Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах биш орон нутагт ч мөн эрхийнхээ асуудлаар тэмцэх, үгээ хэлэх чадавхтай залуучуудыг бэлдэж байгаадаа баяртай байгаа. Төслийн онцлог өөрөө хот болон хөдөөгийн хүмүүсийг жигд чадавхжуулаад ижил үр дүнд хүргэхийг зорьж байна. Зорилго маань ч амжилттай биелэж байгаа.
Мөн бид хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн боловсрол олгох сургагч багш бэлтгэх таван багц гарын авлага гаргасан. Харааны болон сонсголын бэрхшээлтэй хүнд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох тогтолцоо манай оронд байхгүй. Яаж хүргэх аргачлал ч гэсэн байхгүй байгаа. Тэгэхээр бид яаж хүргэх аргачлалыг анх удаа боловсруулсан. Харааны болон сонсголын бэрхшээлтэй хүнд өндгөвч, даавар гэх мэт үгсийг ингэж тайлбарлана гэх аргачлалыг нөөц хэрэглэгдэхүүнтэй нь сургалтын багцуудыг гаргасан. Мөн нөхөн үржихүйн эрүүл мэндээр хоёр судалгаа хийж зургаан ном гаргасан. Хоёр нь бидний өөрсдийн боловсруулсан гарын авлага, хоёр нь судалгааны тайлан, хоёр нь танилцуулгын ном бэлтгэн гаргасан байна.
Эмч нар хүний эрхийн мэдрэмжгүйгээс болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж чаддаггүй гэх асуудал гардаг. Хөгжлийн бэрхшээлтэй байж ийм олон хүүхэд гаргаж яадын гэж хэлдэг эмч нар байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс автоматаар эрсдэлтэй жирэмслэлт гэсэн ангилалруу ордог болохоор өөрсдийн ажлын үзүүлэлтээ унагаж эрсдэл гаргахгүй хүчээр жирэмслүүлэхгүй байх арга хэрэглэдэг.
Гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, идэвхжүүлэх ажлынхаа хүрээнд манай холбооны дэргэд Eco gift гэдэг хоршоо байдаг. Хаягдал цаас ашиглаж хэрэглээний болон бэлэг дурсгалын зүйлс хийх хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд хамрагдаж, ажлын байр үүсгээд, орлогоо нэмэгдүүлээд явдаг. Үүнээс гадна тэргэнцэр засварын төв ажиллуулдаг. Монголд тэргэнцрийг засдаг, тохируулдаг газар манайхаас өөр байдаггүй. Энэ үйлчилгээ маань тэргэнцэртэй хүмүүсийг ажлын байраар хангахын зэрэгцээ гишүүддээ үйлчилгээ үзүүлэх гээд хоёр зорилготой хэрэгжүүлдэг.
Дэд бүтцийн хүртээмжийн чиглэлээр барилга хүлээж авах улсын комисст орж ажилладаг. Шинээр баригдаж байгаа барилгууд дээр хөгжлийн бэрхшээлтэй хүн нэвтрэх боломжгүй байвал гарын үсэг зурахгүй. Бусад шаардлагуудыг тавьж, зөвлөгөө мэдээлэл өгдөг. Гэхдээ хүмүүс үүн дээр шүүмжлэлтэй ханддаг. Энэ ажил маань 2017 оны сүүл, 2018 оны эхээр эхэлсэн учраас 2018 оноос хойших барилгууд харьцангуй гайгүй байгаа. Тэрнээс өмнөх барилгууд бидний оролцоогүй комисс хүлээж авдаг байсан учраас хүртээмжгүй барилгууд Улаанбаатар хотод байсаар байна. Мөн бид налуу замыг яаж хийх, хүртээжийг яаж нэмэгдүүлэх, авто зогсоолын өргөн нь өндөр нь хэд байх ёстой гэдэг мэдээллийг иргэдэд илүү энгийн ойлгомжтой байдлаар ойлгуулах контентууд гаргадаг. Өнөөдрийн байдлаар дэд бүтцийн чиглэлээр 10 гаруй контент гаргасан байгаа. Шинээр гаргасан стандарт болгоны дагуу контент гаргахыг хичээдэг.
Аж ахуй нэгж байгууллагууд дээр хүртээмжийн үнэлгээ хийдэг. Байгууллагуудад хүртээжийн байдал нь ямар байгаа талаар, болж байгаа, болохгүй байгаа хэсгүүдэд нь сайжруулах зөвлөмж өгөх гэх мэт маш олон салбарлуу орж ажилладаг. Гарын авлага гэхэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал мэт боловч эргээд боловсролын салбартай зайлшгүй уялддаг. Бүлгүүд тэнд бий болоод 173 хүн чадавхжиж байна гэдэг жендэрийн асуудал, хувь хүний хөгжлийг дэмжих, идэвхжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг бий болгох гээд бусад салбарлуугаа ороод явчихдаг. Манай байгууллага гол нь гишүүнчлэлтэй байгууллага учраас гишүүдэд асуудал ихээр тулгарч орж ирдэг. Үүн дээр бид туслах зөвлөх, чиглүүлэх байдлаар ажилладаг. Гишүүд өөрсдөө олон хэрэгцээтэй. Хүүхэд сургуульд орж чадахгүй байна, тэтгэвэр тэтгэмждээ хамрагдаж чадахгүй байна гэх мэт. Бид энэ асуудлуудыг нь шийдвэрлэж өгөхийг хичээдэг.
-Танай байгууллага хэчнээн гишүүнтэй вэ? Гишүүдээ хамруулсан голлох ажлууд нь юу байдаг вэ?
-Улаанбаатар хотод 400 гаруй гишүүн, орон нутагт 300 гаруй, нийт 700 гаруй гишүүдтэй. Гэхдээ бид гишүүнчлэлийн эрхээ илүү чөлөөтэй байлгадаг. Манай гишүүн болсноор ингэ тэг гэх зүйл байхгүй. Гишүүнчлэлийн татварыг ч тэр бүр аваад байдаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьжиргааны түвшин харилцан адилгүй байдаг. Гэхдээ гишүүдэд үзүүлэх үйлчилгээг тэгш, өргөн хамруулахыг хичээдэг. Тэргэнцэртэйгээ харьцахдаа анхаарах зүйлс, тохируулах, засах, халамжийн үйлчилгээнд хамрагдахад шаардагдах материал , хууль журманд ингэж өөрчлөлт орсон гэх мэт мэдээллийг цаг алдалгүй хүргэхийг зорьдог. Ер нь маш олон үйл ажиллагааг гишүүддээ чиглэж хийдэг. Гэхдээ тогтсон дөрвөн үйл ажиллагаатай. Хүн хөгжлийн бэрхшээлтэй болсны дараа хамт олонгүй болчихдог. Ямарч ажил мэргэжилтэй байсан гэсэн хэсэг хугацааны дараа холдоод эхэлдэг. Энэ үед нь холбоо маань хамт олон нь болж өгдөг. Тиймээс хамт олны орон зайг холбоо маань нөхөж өгдөг. Манай байгууллагын шинэ жил гээд хүн болгон баяртаа оролцож байхад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэртээ суугаад үлддэг. Энэ байдлыг халж гишүүдтэйгээ холбооныхоо шинэ жилийг зохион байгуулдаг.
Мөн хүүхдийн баярыг заавал хийдэг. Бидний хүүхдүүд маш их ачаалалтай байдаг. Бусад хүүхдүүд чөлөөт цагаараа дугуйлан секцэнд хамрагдаад явж байдаг бол бидний хүүхдүүд хичээлээ тараад шууд ээж аав дээрээ ирдэг. Ээж аавынхаа хоол унд, асаргаа сувилгаа гээд хүнд ачааг үүрдэг. Иймээс хүүхдүүдээ баярлуулах нь хамгийн чухал байдаг. Мөн зуны зугаалга гэдэг арга хэмжээг жил бүр хийдэг. 10 гаруй машинтай аялалын баг болоод хамгийн хол нь Буйр нуур, Хэнтий, Хөвсгөл, Архангай гэсэн газруудаар аялаж байсан. Тэргэнцэртэй хүн гэр бүлийхэнтэйгээ явахад ч хүндрэлтэй байдаг. Бие засах, амрахаас эхсүүлээд тэргэнцрийн дугуй газарт шигдэх гэх мэт асуудал их гардаг. Тэр болгонд сайн дурын туслах үйлчилгээний ажилчдыг авч яваад эрсдлүүдийг арилгадаг. Бидний хийж байгаа ажлууд гаднаас харахад зүгээр энгийн уулзалтууд, аялаж зугаалсан харагдаж байж магадгүй. Гэхдээ энэ нь бидний хувьд ач холбогдол өндөртэй. Тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хоорондоо танилцаж, мэдэхгүй практик зүйлсийг бие биенээсээ мэдэж авдаг. Анх тэргэнцэртэй болсны дараа эмч нар албан ёсны өвчний талаарх мэдээллийг л өгдөг. Гэтэл тэргэнцрээсээ орлуугаа шилжихдээ яах ёстойг, хоолоо хийхийн тулд гал тогооны тавилга ямар түвшний өндөртэй , ямар загвартай байвал тохиромжтой зэрэг өдөр тутмын амьдралын туршлагуудыг тэргэнцэртэй хүмүүс бие биенээсээ л мэдэж авдаг.
-Таны хувьд энэ ажлаа хэрхэн эхлүүлж байсан бэ? Үүнийг эхлүүлэх болсон шалтгаан нь юу байв?
-Би өөрөө 16 настай байхдаа гэмтсэн. Гэмтснийхээ дараа 10 жилээ тогсоод их сургуульд орох болсон. Уг нь эмч болохыг хүсдэг байсан боловч анагаахын сургуулийн байр, сургуулийн шат надад тохиромжгүй, сурахад хүндрэлтэй байсан. Тиймээс гэртэйгээ ч ойрхон юм гээд Бизнесийн дээд сургуульд эдийн засагч мэргэжилээр сурсан. Сурч байх явцдаа "би ер нь банканд л ажиллаж чадах юм байна" гэж бодож байсан. Сургуулиа төгсөөд банканд орох гэсэн боловч Улаанбаатрын бүх банкууд надад татгалзсан хариу хэлсэн. Манай байгууллагад тусгай зориулалтын ариун цэврийн өрөө, налуу зам гээд чамд зориулагдсан зүйлс байхгүй гэж байсан. Дараагийн асуудал нь миний ажилдаа ирж очих таксины мөнгө миний авах цалингаас илүү гарч байсан. Яг энэ үеэс нийгэм тэгш бус юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажиллаж хөдөлмөрлөхөд хүнд нийгэм юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Мөн энэ үеэс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй танилцаад, 2006 онд "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц" гэж батлагдсан тухай европын холбооноос сургалт зохион байгуулсан. Тэр сургалтад сууж хүний эрхийг ингэж хангах юм байна гэдгийг ойлгож, сургагч багшаар бэлтгэгдэж хүний эрхийн байгуулагад орж ажиллаж эхэлсэн.
-Таны ярианд анх сургуулиа төгсөөд ажиллах гэхэд хаана ч авахгүй, нөхцөл байдал хүнд байсан гэсэн. Тэгвэл одоо нийгэм ямар байгаа вэ? Хөгжлийн бэрхшээлтэй нэг хүн сургуулиа төгсөөд ажиллая гэвэл одоо ажиллах боломж нөхцөл хэр байгаа вэ?
-Шал өөр болсон. Одоо бол байгууллагууд аль болох хөдөлмөрийн бэрхшээлтэй хүмүүсийг хөдөлмөр эрхлэхийг дэмждэг, тусалдаг болсон. Манай байгууллагаруу утасдаад нягтлан, оператор авмаар байна гэж их ханддаг. Гэхдээ үүн дээр нэг зааг үүсчихээд байгаа. Миний үед бол бид их гомдоллодог байсан. Надад боломж алга. Намайг ойлгохгүй байна, дэмжихгүй байна гэдэг байсан. Харин одоо бол нийгмийг дэмжих орчин харьцангуй гайгүй болчихсон. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь хуучин гомдоллох сэтгэхүйгээсээ салаагүй. Ажил хийсэн ч яахав, хийгээгүй ч яахав гэсэн бодолтой. Хоёрдугаарх асуудал нь ажил олгогчийн шаардлагад тэнцэхгүй байна. Англи хэлний өндөр мэдлэгтэй хүнийг гадаад хэргийн албандаа авмаар байна гээд хандахад манайд тийм хүн цөөхөн. Энэ нь ч аргагүй байгаад байгаа юм. Хүүхэд байхаасаа хөгжлийн бэрхшээлтэй болчихсон хүмүүс сурч боловсрох орчин нь дутмаг байсан. Сүүлд боловсрол эзэмшсэнийхээ дараа гэмтсэн хүмүүс бол харьцангуй гайгүй байдаг. Хүүхэд байхаасаа юмуу төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол ажил олгогчийн шаарлагад нийцэхүйц чадавхтай биш байгаад байна. Үүнээс гадна ажил мэргэжлийн чадавхаас гадна сэтгэл зүйн хувьд бэлэн биш. Анхнаасаа гэр бүл, эргэн тойрны хүмүүс нь эвийлж бөөцийлсөөр байгаад өсгөчихсөн. Ингэж өссөн хүн гэнэтхэн би насанд хүрсэн. Өөрөө өөрийгөө авч явах ёстой гээд ажил хийх гэхээр сэтгэлийн хатгүй болчихсон. Манай байгууллагад ч гэсэн ажиллая гээд хүмүүс ирдэг. Заа өглөө 8 цагт цуглана шүү, чи ийм зүйл дээр алдсан байна. Үүнийгээ засаарай гээд хэлчихэд л гомдчихно. Маргаашнаас нь ажилдаа ирэхээ больчихдог. Энэ мэт тохиолдлууд олон байдаг.
Хэт их халамж хүнийг өрсөлдөх чадамжгүй болгодог гэдгийг үүнээс хардаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй гэр бүлүүд ч гэсэн үүн дээр анхаарч халамж, үүрэг, хариуцлагыг нь тэнцүүлж явах хэрэгтэй байна.
-Танайхтай адил үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудад тулгамддаг асуудал юу байдаг вэ?
-Бидэнтэй хамтарч ажилладаг яамдууд, төрийн байгууллагууд маш олон ТББ-ууд байгаад байна. Яг аль байгууллагатай нь хамтарч ажиллахаа мэдэхгүй байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд гэдгээрээ бага хэмжээний үйл ажиллагааны зардлыг гаргаж өгөх байдлаар ажилладаг. Тэгэхээсээ илүү нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд ТББ-ын хүчийг ашиглаад ажиллаж болох юм гэдэг талаасаа анхаараад ажиллавал илүү үр дүнтэй байна. Ингэвэл чадах чадахгүй байгууллага нь ялгараад гараад ирнэ. Бидний хувьд яг хэрэгтэй хүнд нь хүрсэн үйлчилгээг хүргэж ажиллаж чадна. Тэргэнцэртэй хүмүүст сургалт зохион байгуулахад ямар арга зүйгээр, ямар заал танхимд яаж хийх үү гэдгээ мэддэг. ХНХЯ-аас нэг ийм төсөл зарласан байна гээд очиход бидний өмнө 30 40 байгууллага очоод аль хэзээний яриад тохирчихсон байх тохиолдол олон байдаг.
-Танай байгуулагын цаашдын хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго юу вэ?
-Бид сүүлийн хэдэн жил хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нөхөн үржихүйн асуулдалд анхаарч суурь ажлуудыг хийж таван аймагт хүргэсэн. Одоо үлдсэн 21 аймагт яаж хүргэх үү. Тогтмол яаж хүргэдэг болгох уу гэдэг тогтолцоог бий болгохыг зорьж байна. 14 настай харааны бэрхшээлтэй охин сарын тэмдгээ ирснийг яаж мэдэх вэ гэдгийг зааж өгөх. Харааны, сонсголын, тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүст нь тохирсон аргаар нөхөн үржихүйн боловсролыг адил тэгш олгох маш их ажил байгаа. Эхний шатанд гарын авлагуудаа боловсруулсан. Одоо боловсролын яамны, эрүүл мэндийг яамны тогтолцооруу оруулах талаар ажиллах стратегиа боловсруулаад явж байна. Энэ ажлаараа Хүний эрхийн үндэсний комисс, эрүүл мэндийн яам зэрэг байгууллагуудтай хамтарч ажиллаж, бидний ажлыг өндрөөр үнэлж байгаа. Хүн болгоны ярьдаггүй, орхигдсон сэдвийг анхаарах ёстой гэдгийг хэн хэнгүй ойлгож эхлээд байгаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд гэр бүлийн хүчирхийллийн асуудал их байдаг. Бидний судалгааны явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 80 гаруй хувь нь өөрийнхөө тэтгэвэрийг өөрөө авдаггүй. Гэр бүлийнхэн нь аваад хоол хүнсэндээ зарцуулдаг. Гэтэл хүний эрхийнхээ талаас өөрийнхөө халамжийн мөнгийг өөртөө л зарцуулах хэрэгтэй. Тэр эрх мэдэл нь өөрт нь олддоггүй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй гэр бүлийн гишүүдэд хүний эрхийн боловсрол олгох сургалтын модуль боловсруулсан байгаа.
-Цаг гарган бидэнтэй ярилцсан таньд их баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье.