Уран бүтээлчдийн дургүйцлийг төрүүлсэн хиймэл оюун ухааны бүтээл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уран бүтээлчдийн дургүйцлийг төрүүлсэн хиймэл оюун ухааны бүтээл

US News: AI-generated artwork wins top prize at art fair leaving artists  very p***** off

АНУ-ын Колорадо мужийн хөлөгт тоглоом үйлдвэрлэгч Incarnate Games компанийн ерөнхийлөгч Жэйсон Аллен тус мужид жил бүр уламжлал болон зохиогддог Колорадо мужийн үзэсгэлэн худалдааны уран зургийн уралдаанд оролцож, дижитал уран бүтээлийн төрөлд түрүүлсэн нь зураач, уран бүтээлчдийн эгдүүцлийг төрүүлжээ.

Мужийн үзэсгэлэн худалдааны албан ёсны вэбсайтад дурдсанаар тус уралдааны "Дижитал уран бүтээл Дижитал аргаар өөрчилсөн бүтээлийн төрөлд Жэйсон Аллен нь “Théâtre D'opéra Spatial” нэртэй зургаараа тэргүүн байр эзлэв" гэсэн байна.

Уралдааны ялагч Жэйсон Аллен нь өөрийн Твиттер хаягаараа (@Sincarnate) дамжуулан, уралдаанд оролцсон бүтээлээ хиймэл оюуны тусламжтайгаар бүтээж, зотон дээр хэвлэсэн гэж мэдэгдсэн ба нарийн хийцтэй уг зураг сансар, харь гаригийн гэмээр театр, Барокко үеийн театрын танхим дахь сонгодог дүрслэлүүд, нарны гэрэл мэт хурц туяа цацарсан сүрлэг том гэгээвч дүрслэгдсэн байх аж. Зургийг компьютер ашиглан бүтээгээд, уралдааны шаардлагын дагуу зотон дэвсгэр дээр хэвлэснээ ч тэрээр нуусангүй.

Ийнхүү Жэйсон Аллен нь технологийн дэмжлэгтэйгээр уралдаанд оролцож түрүүлсэн нь цахим орчинд уран бүтээлчдийн дургүйцлийг өдөөж, өөрийн сэтгэл оюун, ур ухаанаа зориулаагүй, гартаа ганц удаа зургийн хэрэгсэл барьж үзээгүй хэрнээ уралдаанд түрүүллээ хэмээн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Ташрамд дурдахад, тэрээр Midjourney нэртэй, текстийг зураг болгон хувиргадаг хиймэл оюун ухааны программ ашиглажээ.

Гэхдээ Аллен хиймэл оюунаар бүтээсэн зургаа Photoshop ашиглан, засварлаж, Gigapixel программ ашиглан, зургийн нягтралаа нэмэгдүүлсэн байна. Мөн мужийн зургийн уралдаанд бүтээлээ явуулахдаа тэрээр “Midjourney-ийн тусламжтайгаар Жейсон Аллен зурав” хэмээн тодотгосон гэдгээ цахим орчин дахь мэдэгдэлдээ дурдсан гэнэ.

Дижитал уран бүтээл, дижитал уран зураг гэдэг нь уран бүтээлч компьютер ашиглан, дижитал аргаар зураг, дүрслэл бүтээхийг хэлдэг. Өнөөг хүртэл энэ төрлийн уран бүтээлчид уламжлалт зураг зурж байгаатай нэгэн адилаар дижитал зургийн программ дээрх багс, хэрэгслүүдийн ашиглан бүтээл туурвиж ирсэн онцлогтой. Харин сүүлийн жилүүдэд текст өгөгдөл оруулан, хиймэл оюуны тусламжтайгаар дижитал уран зураг зурах нь элбэг болоод ба уран бүтээлчдийн дунд Midjourney болон Dall-E зэрэг хиймэл оюуны хэрэгслүүдээр бий болгосон уран бүтээлийг уламжлалт дижитал уран бүтээлээс тусад нь өөр ангилал үүсгэн, зааглах хэрэгтэй эсэх дээр халуун маргаан өрнөж буй.

Death of creativity: AI-generated image wins a fine arts competition - DIY  Photography

Дээр дурдсан жишээнээс үззэхэд л уламжлалт дижитал уран зургийн арга хэрэгсэл ашиглалгүй уралдаанд түрүүлснээрээ Жэйсон Аллен уран бүтээлч сэтгэлгээг үгүй хийхэд гар бие оролцож байна гэсэн шүүмжлэл Твиттерт ид явагдаж байна. Ийнхүү энэ сэдэв анхаарлын төвд орсноор хиймэл оюун ашиглан уран бүтээл туурвихыг эсэргүүцдэг болон дэмждэг хүмүүст дуу хоолойгоо илэрхийлэх сайхан боломж гарч, өргөн хэлэлцүүлэг өрнөв. Твиттерийн нэг хэрэглэгч хиймэл оюун ашиглаж, зураг зурахыг фото зураг анх бий болсон 1800-д оны үетэй зүйрлэсэн бол нөгөө талаас түүний энэ жишээг туйлын бүдүүлэг харьцуулалт хэмээн шүүмжилж, хиймэл оюуны эдгээр хэрэгсэл нь сая сая хүмүүсийн ажлын байрыг булаах эрсдэлтэй хэмээн бичжээ.

Мөн нэгэн хэрэглэгч “Урлаг, уран сайхан бидний нүдэн дээр мөхөж байна. Автоматжуулалтаас болоод өндөр ур чадвар, бүтээлч сэтгэлгээ шаарддаг энэ салбарын ажлын байрнууд эрсдэлд орлоо” гэж жиргэсэн байна.

Өөр нэгэн хүний бичсэнийг сийрүүлбэл “Уран бүтээлч нийгэмд өгүүлэх гэсэн санаа, өгүүлэмжээ хүргэхийн тулд бүтээл туурвиж, түүндээ бодол санаа, бүхнээ зориулдаг. Харин хиймэл оюун ухаанд тийм зүйл байхгүй” гэж бичжээ.

Хэргийн эзэн болох Жэйсон Аллен харин өөрийн байр сууриа Midjourney-ийн Discord сервер дээр илэрхийлсэн бөгөөд Твиттер дэх шүүмжлэгчид хиймэл оюун ухаан нь чухамдаа хүний оруулж өгсөн өгөгдлийн ачаар л зураг дүрслэл бий болгож байгааг тэд огт үнэлэхгүй байна гэсэн байна.

Vice.com-д өгсөн ярилцлагадаа тэрээр “Миний оруулсан текстүүд байгаагүй бол хиймэл оюун ухаан өөрөө тэр зургийг зурахгүй байсан нь хэнд ч ойлгомжтой” гэсэн ба олон нийт хичнээн шүүмжилсэн ч уран зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн нь түүнд маш их урам зориг хайрлаж, цаашдын зорилгыг нь бататгаж өгсөн үйл явдал боллоо гэжээ.

Эх сурвалж: CNBC

Н.Ялагдашгүй: Тээвэрчид ажил хаялт зарлахаас өөр аргагүйд хүрлээ
Н.Ялагдашгүй: Тээвэрчид ажил хаялт зарлахаас өөр аргагүйд хүрлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.