/2022.09.05/: Канадын төв хэсэгт орших Саскачеван мужид 2 этгээд хэд хэдэн газарт халдлага үйлдсэний улмаас 10 хүн амиа алдаж, 15 хүн шархаджээ.
Цагдаа нар хохирогчдыг Жеймс Смит Кри Нэйшн, Уэлдон зэрэг 13 газраас олсон гэж мэдэгджээ.
Яг одоогийн байдлаар цагдаа нар 31 настай Дэмиен Сандерсон, 30 настай Майлс Сандерсон гэх хоёр сэжигтнийг хайж байгаа бөгөөд тэднийг зэвсэглэсэн, аюултай гэж үзэж байна.
Тухайн хэсгийн оршин суугчдад аюултай учир цагдаагийн байгууллагаас иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа аж.
Тэд яаралтай тусламжийн хоёр төв байгуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр болсон байна.
Сэжигтнүүд хар өнгийн автомашинтай зугтаж байгаа бөгөөд хэрэв таарсан, харсан тохиолдолд сэжигтнүүдээс холдож цагдаагийн байгууллагад хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байгаа аж.
Мөн цагдаа нар халдлагад өртөж шархадсан ч цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй өөрсдөө эмнэлэгт очсон хүмүүс байгаа гэж таамаглаж байна. Тэдгээр хүмүүсийг цагдаагийн газартай холбоо барихыг зөвлөснөөр нийт хичнээн хүн гэмт хэргийн хохирогч болсныг тодорхой мэдэх боломжтой гэжээ.
Эх сурвалж: BBC