/2022.8.24/ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.
Хуралдаанаар зарим чиг үүрэг нэгтэй байгууллагыг нэгтгэх шийдвэрийг гаргасан байна. Жишээ нь, Геологийн судалгааны төв болон Геологийн төв лабораторийг нэгтгэлээ.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:
-Хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг 31 байршилд зохион байгуулна. Нийт хүнсний ногооныхоо 70 хувийг дотоодоосоо хангана. Чөлөөтэй худалдаа хийхэд хориглох зүйл байхгүй.
Дулааны аргаар боловсруулсан мал махыг экспортод гаргахыг түдгэлзсэн. Шалгалт хийж дууссан. Нийт 16 аж ахуйн нэгжийн 9000 гаруй тонн махыг экспортод гаргах боломжтой боллоо.
Сангийн яам Б.Жавхлан:
-2017 оны УИХ-ын 23-р тогтоолын дагуу Засгийн газрын шийдвэр гарлаа. Энэ удаа Монголбанкны ХХБ-аас авах авлага 480 тэрбум төгрөгийг суутгаж авснаар, өмнөх 166 тэрбум төгрөгтэй нийлээд харилцан суутгал хийх дүн батлагдлаа. Ингэснээр Монгол Улс Эрдэнэт үйлдвэр 100% Монгол Улсын өмч болгох томоохон алхам боллоо. 49 хувийг улсад авсан шийдвэр төгс болоход том алхам ойртлоо гэсэн үг. Дараагийн харилцан суутгал хийх хэлцэл хийгдээд явна.
Хөгжлийн банкны эргэн төлөлтийн хувьд зургаадугаар сараас хойш 100 гаруй тэрбум төгрөг төлөгдсөн байна. Эргэн төлөх эрч буурч байгаа тул Засгийн газраас идэвхжүүлэх тал дээр чиглэл өглөө.
НӨАТ-ын сугалааг түр зогсоосон. Сугалааны 7 жилийн процессыг шинэчлэх шаардлагатай болсон. Өмнө нь бүртгэгдсэн эсэх хамаагүй бүх хэвлэгдсэн НӨАТ-ын баримтыг сугалаанд оруулдаг байсан. Үүнийг эрс шинэчилж, зөвхөн бүртгүүлсэн НӨАТ-ын сугалааг явуулах, бүсчилж, ил тод болгож өөрчилнө. Тухайн иргэн өөрийнх нь хэдэн баримт сугалаанд бүртгэгдсэн талаарх мэдээллээ авах нөхцлийг хангана. Бэлтгэл ажил хангагдаж, есдүгээр сараас сэргээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Зургаадугаар сард түр зогсоосон. Үүнээс хойш НӨАТ-ын баримт уншуулах нь 50% буурсан. Буцаалтыг бол нэмэхгүй.
Төрийн хэмнэлтийн хууль 2023 оны төсвийг өргөн барихад үр дүн нь маш тод харагдах болно.
Соёлын сайд Ч.Номин:
-Төсвийн шинэтгэл хийгдэж, гүйцэтгэл дээр суурилж цалинг тооцсоноор соёлын үйлчилгээний байгууллагуудын ажилтнуудын цалин дээр тодорхой урамшуулал нэмэгдэнэ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Урьдчилан сэргийлэх үзлэг тавдугаар сарын 1-нээс эхлэн явж байна. Өнөөдөр явц, үр дүнг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар 272 мянга гаруй иргэн хамрагдлаа. Үүний 55 хувь нь эмэгтэйчүүд. Байршлын хувьд 51,4 хувь нь Улаанбаатарынх. Илүү хамрагдсан дүүрэг болон орон нутгаар авч үзвэл БЗД, БГД, СХД-ийн иргэд илүү идэвхтэй байна. Орон нутгийн хувьд Төв, Дархан-Уул аймгийн иргэд идэвхтэй байна.
Давхардсан тоогоор өвчлөл 136 мянга гаруй хүнд бүртгэгдсэн. Дийлэнх нь хоол боловсруулах тогтолцооны өвчин 66,4 хувьд, бусад дотоод шүүрэл, шээс бэлгийн зам, амьсгалын замын өвчлөл удаах байруудад бүртгэгдсэн. Энэ жилийн хувьд 6 насны багцаар үзэж, ЭМД-ийн сангаар хариуцаж байгаа.
Нийт 118 эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж байна. Орон нутагт урьдчилан сэргийлэх үзлэгийг суманд зохион байгуулах боломжгүй. Яагаад гэхээр сумын эрүүл мэндийн төвүүд дээр хүний нөөц, тоног төхөөрөмж хангалттай биш. Тиймээс орон нутгийн иргэд аймгийн нэгдсэн эмнэлэгтээ очиж урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдана.
Хортой болон хоргүй хавдрын сэжигтэй тохиолдол 864 бүртгэгдсэн. 201 тохиолдол хортой байх магадлалтай гэж эхний үзлэгт батлагдсан. Дараагийн шатны эмнэлэгт оношийг баталгаажуулна.
0-17 насны хүүхдүүд мөн хамрагдаж, 5-6 нэр төрлийн шинжилгээ хийж байгаа. Өнөөдрийн байдлаар 170 мянга орчим хүүхэд шинжилгээнд хамрагдаад байна. Эдгээрээс шүд цооролт, нүдний харааны өөрчлөлтүүд илүүтэй илэрсэн.
Урьдчилан сэргийлэх үзлэгээр бэлгийн замын халдварууд мөн их илэрч байна.