/2022.08.18/: Алжир улсын Дотоод хэргийн сайд Камел Белжуд хэлэхдээ, "Ойн түймрийн улмаас Тунистай хиллэдэг Эль-Тарф хотод 24 хүн, мөн Сетиф хотод ээж, охин хоёр амиа алдсан" гэв.
Лхагва гарагийн оройны байдлаар гал сөнөөгчид нисдэг тэрэг ашиглан хэд хэдэн түймрийг унтраахаар оролдсон хэвээр байна.
Түймэр хэд хэдэн мужийг хамарсан тул 350 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Иргэний хамгаалалтын агентлагийн мэдээлснээр Эль Тарфд 16 түймэр гарч, хамгийн их хохирол амсаад байгаа аж.
Сетиф хотод амиа алдсан ээж, охин хоёр 58, 36 настай байжээ. Тухайн бүсэд олон арван байшин шатаж, цаашлаад тосгон маш их хохирол амссан гэж нутгийн албаныхан мэдэгдэв.
Хойд Алжирт жил бүр ойн түймэр гардаг бөгөөд өнгөрсөн онд 90 хүн амиа алдаж, 100 мянга гаруй га ой мод шатсан байна.
Өнгөрсөн наймдугаар сард Алжирын Кабиль мужид нэгэн зэрэг 50 орчим түймэр дэгдсэнийг "зөвхөн санаатай үйлдлээс болж ийм их гал гарах боломжтой" гэж нутгийн удирдлагууд мэдэгджээ.
Лхагва гарагийн байдлаар энэ зун ой хээрийн түймэрт амиа алдсан Алжирчуудын тоо 30-д хүрчээ.