/2022.08.17/: Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун өөрийн цахим хуудсаараа дамжуулан арилжааны банкнууд зээл гаргахдаа иргэдээс авдаг 1 хувийн шимтгэлийн талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр:
Банкны зээлийн шимтгэл 1 хувийг судлах явцад ямар ч тооцоо судалгаа байхгүй, зүгээр л зээл гаргаж өглөө 1 хувийг нь өг гэдэг нь хэрэглэгчийн аргагүй байдлыг нь ашиглан, хясан боогдуулсан шинжтэй, нөгөө яригдаад байдаг тендер авч өгөөд хувь авдаг гэдэг шиг л харагдаж байна.
Тиймээс банкнууд хуульд нийцүүлэн шимтгэл хураамжаа үндэслэлтэй тогтоож, иргэдээс хууль бусаар хураасан шимтгэл, хураамжаа эргүүлэн төлөх, эсхүл үндсэн зээлээс нь хасч тооцох хэрэгтэй.
- Иргэд бүгдээрээ 1 хувиа авна гэвэл яах вэ? гайгүй явж байгаа банкны салбараа татаж унагаах гэж байна гэсэн асуулт, шүүмжлэл ирж байна.
- Хууль бусаар ашиг олж оршин тогтнодог салбар байж болохгүй. Салбар нь уначих вий гээд хууль зөрчиж, иргэдийг хохироосоор байгаа асуудлын хажуугаар чимээгүй амаа хамхиж, нүдээ аниад сууж болохгүй.
Тэгээд ч банкнууд иргэдээс хууль зөрчиж 1 хувийг аваад, түүнийгээ иргэдэд буцаан зээлдүүлж эргэлдүүлээд хэд дахин ашиг олчихсон, хууль бусаар хураасан 1 хувийн шимтгэлээ буцаан төлөхөд эрсдэл хүлээхээргүй болсон байгаа.
30 хоногийн хугацаатай Албан даалгаврын биелэлтийн хариу ирсний дараа дараагийн арга хэмжээг авах болно.