Зул сарын баяраар хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг Санта Клаусын дүрийг бүтээх нь зарим оронд мэргэжлийн ажил болон хөгжжээ. АНУ, Австрали зэрэг улсад Санта Клаусын дүрд тоглох хүмүүсийг тусгай сургалтаар бэлтгэж, худалдааны төв, сургууль, зочид буудал болон хувийн арга хэмжээнд ажиллуулдаг байна. Сүүлийн жилүүдэд Санта Клаусын эрэлт ихэссэн тул ажиллах хүч дутагдаж эхэлсэн байна.
Австралийн Santas Agency байгууллага мэргэжлийн Санта Клаусын дүрд тоглогчдын хэрэгцээг хангах зорилгоор Santas Academy сургалтыг ажиллуулж байна. Тус академийн сургалт 10 долоо хоног үргэлжилдэг бөгөөд 18-аас дээш насныхан хамрагдах боломжтой. Сургалтын төлбөр 350 ам.доллар ажээ.
Суралцагчид Сантагийн дүрд тоглох, дуу хоолой, хөдөлгөөн, хүүхэдтэй харилцах арга барил, баярын арга хэмжээ зохион байгуулах, маркетинг болон хувийн бизнес хөгжүүлэх чиглэлээр суралцдаг. Сургалтаа амжилттай төгссөн хүмүүст агентлагаар дамжуулан ажиллах боломж санал болгодог байна.
Харин АНУ-ын Аризона мужид мэргэжлийн Санта Клаусын нэг цагийн үйлчилгээ 2025 оны Зул сарын баярын үеэр 150–350 ам.долларын үнэтэй байжээ. Зарим мэргэжлийн Санта захиалга ихтэй тул өөрийн амжихгүй ажлыг бусад Сантад шилжүүлж байсан тухай AZFamily мэдээлсэн байна.
Гэвч мэргэжлийн Сантагийн эрэлт бүх зах зээлд ижил түвшинд өсөөгүй аж. Тухайлбал, CBS News-ийн 2025 оны арванхоёрдугаар сарын мэдээллээр АНУ-ын худалдааны төвүүдэд Сантагийн дүрд ажиллах ажлын байрны зар өмнөх оноос 35 хувиар буурчээ. Үүнд худалдааны төвүүдийн зардал танагдах, зарим худалдааны төв хаагдах, онлайн худалдааны хэрэглээ нэмэгдэх зэрэг хүчин зүйл нөлөөлсөн байна.
Мөн АНУ-д Сантагийн дүрд ажиллах хүмүүст тавих шаардлага өөрчлөгдөж буйг тус мэдээлэлд онцолжээ. 2025 оны байдлаар худалдааны төвүүдийн Сантагийн ажлын зарын 70 орчим хувьд жинхэнэ цагаан сахалтай байх шаардлага тавьсан нь 2022 оны 14 хувийн үзүүлэлтээс эрс өссөн байна.
Орчин үед мэргэжлийн Санта Клаусын ажил зөвхөн улаан хувцас өмсөж, бэлэг тараахаар хязгаарлагдахгүй болжээ. Хүүхдийн сэтгэл зүйг ойлгох, хөгжлийн онцлогтой хүүхдүүдтэй зөв харилцах, баярын уур амьсгал бүрдүүлэх, тайзны болон жүжиглэх ур чадвар эзэмших нь мэргэжлийн бэлтгэлийн чухал хэсэг болсон байна.
Ийнхүү Санта Клаусын дүр бүтээх ажил зарим оронд улирлын чанартай үйлчилгээ төдийгүй тусгай сургалт, мэргэжлийн ур чадвар шаарддаг ажил болон хөгжиж байна.
Сонирхуулахад, Санта Клаусын брэнд болсон "Ho, ho, ho" инээдийг ч мөн зөв гаргах хичээл ордог ба “Зул сарын мэнд хүргэе” гэдэг үгийг олон хэлээр хэлж сурах, дохионы хэлээр мэндчилгээ дэвшүүлэх, Санта Клаусын түүх, уламжлалыг судлах, дүрийн зан чанар, дуу хоолойг эзэмших, хувцаслалт, сахал, нүүр будалтыг зөв хийх, хүүхдүүдтэй уулзах нөхцөл байдлыг дүрд тоглон дадлагажуулах зэрэг хичээлүүд ч багтдаг ажээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.