ТӨСӨВ 2027 | Сангийн сайд З.Мэндсайхан төрсөн нутаг Ховд аймагтаа хамгийн өндөр төсөв тавьжээ
 

ТӨСӨВ 2027 | Сангийн сайд З.Мэндсайхан төрсөн нутаг Ховд аймагтаа хамгийн өндөр төсөв тавьжээ

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2027 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслийн жагсаалтад 21 аймгаас Ховд аймагт 306.3 тэрбум төгрөг төлөвлөжээ. Аймгуудаас Улаанбаатар хотын дараа орох хамгийн өндөр төсөв гэж хэлэхэд буруудахгүй.

Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд нийт 5.77 их наяд төгрөгийг 815 төсөл, арга хэмжээний хөрөнгө оруулалтад зарцуулахаар тусгажээ. Гэтэл улсын төсвийн орлого 27.94 их наяд төгрөг байхад зарлага нь 31.93 их наяд төгрөгт хүрч, 3.99 их наяд төгрөгийн зөрүү үүсэхээр байна. Өөрөөр хэлбэл, зарлага нь орлогоосоо давсан, өрийн дарамт өндөр хэвээр байгаа улсын төсвөөс хөрөнгө оруулалт хуваарилахдаа сангийн сайд З.Мэндсайхан ирэх сонгуулийн нүхээ малтаж эхэлжээ. Уг төсвийг аймаг, нийслэлээр ангилвал Ховд 306.3 тэрбум төгрөгөөр нэгдүгээрт бичигдэж байна. Нийслэлд 1.149 их наяд төгрөг төлөвлөсөн бол дараагийн байрт орсон Дорнод аймагт 220.4 тэрбум, Увс аймагт 190.3 тэрбум төгрөг тусгажээ. Зөвхөн нэг аймагт хамаарах төслүүдийн дүн гэдгийг сануулъя.

Сангийн сайд З.Мэндсайхан нь Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуулиар баруун бүсээс сонгогдсон гишүүн бөгөөд 2026 оноос Сангийн сайдаар ажиллаж байна. Гэтэл 2027 онд өөрийн сонгогдсон тойрогтоо 300 тэрбумийг хуваарилж “Шинэ ховд” гэх бүхэл бүтэн хот барих төслийг хэрэгжүүлэх аж. Ховд аймгийг ямар шалгуур үндэслэлээр шинэ хот болгож дахин шинэчилж байгаа нь тодорхойгүй. Угтаа бол орон нутагт хөрөнгө оруулахдаа хүн амын хэрэгцээ, дэд бүтцийн хоцрогдол, үйлдвэрлэлийн боломж, төслийн бэлэн байдал, эдийн засгийн өгөөжийг харгалзан хуваарилалт хийгдэх ёстой. Гэвч нутаг нугаараа шалгуур үзүүлэлт тавигддаг болтойм.

56 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗУРГААН ТӨСӨЛ, 107.6 ТЭРБУМ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Ховдод төлөвлөсөн санхүүжилт зөвхөн нэг салбарт төвлөрөөгүй. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 2027 оны хөрөнгө оруулалтын төсөлд Ховдод зургаан төсөл хэрэгжүүлэхээр 56 тэрбум төгрөг тусгажээ. Үүнд “Шинэ Ховд” үйлдвэр, технологийн паркийн бүтээн байгуулалт, арьс ширний үйлдвэр, цэвэрлэх байгууламж, Зэрэг сумын бизнес инкубатор болон Дарви сумын услалтын системийн шинэчлэл багтаж байна. Энэ салбарын нийт хөрөнгө оруулалтын 38 орчим хувь нь Ховдод ногдож байгаа аж.

Мөн эрчим хүчний салбарын зөвхөн нэг аймагт хамаарах төслүүдийн ангиллаар Ховдод 107.6 тэрбум төгрөг төлөвлөсөн нь аймгуудын дунд хамгийн өндөр дүн байна. Тухайлбал, “Шинэ Ховд” үйлдвэр, технологийн паркийн бүтээн байгуулалтын төсөвт өртөг анх 19.3 тэрбум төгрөг байсан бол сүүлийн байдлаар 37.9 тэрбум төгрөг болж өссөн бөгөөд 2027 онд уг төслийн нэг хэсэгт 4.6 тэрбум төгрөг төлөвлөжээ. Үүний зэрэгцээ арьс ширний үйлдвэр, дэд бүтцийн ажилд 42.1 тэрбум төгрөг тусгасан байна.

Үеийн үед Сангийн сайд нар өөрсдийн тойрогтоо эсвэл төрсөн нутагтаа давуу байдлаа ашиглан илүү их мөнгийг хуваарилж ирсэн. Энэ уламжлал улсын мөнгөн дээр сууж байгаа хүн бүрт бичигдээгүй хууль мэт болжээ. Тиймдээ ч уламжлалыг үргэлжлүүлж З.Мэндсайхан ховд аймагт 306 тэрбум төгрөгийг төсөвлөж. Уг нь төсөв тойргийн уралдаан биш. Гэтэл дараагийн сонгуулийн нүхээ малтан төсвийн мөнгийг тэрбум тэрбумаар нь цацаж байгаа аж.

Сангийн сайд З.Мэндсайхан уг төсвийг өргөн барихдаа “Төсвийн нөөцийг зайлшгүй шаардлагатай, бодит үр өгөөжтэй арга хэмжээнд төвлөрүүлж, үр ашиг багатай зардлыг хязгаарлана. Мөн хөрөнгө оруулалтыг хэрэгцээ шаардлага, хэрэгжилт, ашиглалт, хүчин чадал, нийгэм, эдийн засгийн үр өгөөжид үндэслэн эрэмбэлнэ” хэмээн танилцуулсан байдаг. Энэ хэлсэн үгэндээ эзэн болж чадаж байна уу гэвэл үгүй. Өөрийн эрх ашгийг нийтийн эрх ашгаас түрүүнд тавьсан нь энэ хэдэн тооноос л харагдаж байна.

Аймаг тус бүрийн харьцуулалт

Мөнгөн дүн тэрбум төгрөгөөр. Нийт төсөвт өртөг болон 2027 онд санхүүжих дүн.

Байр

Аймаг

Төслийн тоо

Нийт төсөвт өртөг

2027 оны санхүүжилт

1

Төв

24

794.8

145.7

2

Ховд

39

752.3

306.3

3

Хэнтий

21

643.7

125.6

4

Дорнод

29

571.7

214.3

5

Архангай

38

422.2

154.2

6

Хөвсгөл

54

390.1

132.0

7

Өвөрхангай

33

378.5

147.2

8

Говь-Алтай

42

372.0

142.9

9

Увс

36

363.4

202.0

10

Баянхонгор

23

350.7

95.1

11

Завхан

28

334.2

168.7

12

Сүхбаатар

28

250.1

127.4

13

Дорноговь

12

232.7

143.4

14

Дундговь

17

230.0

84.9

15

Дархан-Уул

16

223.0

73.1

16

Сэлэнгэ

31

221.3

83.6

17

Баян-Өлгий

19

195.4

76.0

18

Говьсүмбэр

15

185.9

59.8

19

Булган

21

162.0

72.9

20

Өмнөговь

12

104.6

66.3

21

Орхон

12

85.7

32.9

Б.АМИ

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.