
Монгол Улсын Их Хурал өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 16-нд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа. УИХ-ын чуулганы санал хураалтаар 81 гишүүн дэмжсэн бөгөөд шинэ зохицуулалтыг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ.
Уг хуулийг санаачлагч, УИХ-ын гишүүн О.Номинчимэг "126 гишүүнтэй ардчилсан Монгол Улсын парламентад хуулийг олон талаас нь ширүүн мэтгэлцээнтэйгээр хэлэлцэж болдгийн нэгэн жишээ нь энэ хууль байлаа. УИХ багийн шийдвэр гаргадаг. Энэ шийдвэрээрээ бид 13 жил шинэчлэгдэж чадахгүй байсан тамхины хяналтын тухай хуульд ахиц гаргаж, ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийг хамгаалах алхмыг хийсэндээ баяртай байна.
Үзэл санаанд нэгдэж, хамтдаа байж, багаар ажилласан, өнөөдөр эцэслэн батлах санал хураалтад оролцон саналаа өгсөн УИХ-ын гишүүддээ талархлаа илэрхийлье. Хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хууль үр дүнгээ өгч, хэрэгжилт нь сайн байж, 2030-2031 онд тамхидалтыг 13 хувиар бууруулах зорилтоо биелүүлэхийн төлөө хэрэгжилтэд нь анхаарч ажиллана" гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Янжуур тамхи болон цахилгаан тамхи буюу вэйп нь адилхан хортой тул адил татвар авна, адилхан зохицуулалтад орж байна. Мөн аль нь ч бай жимсний амт, гаа, үнэр бүгд хориглогдсон. 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс амттай үнэртэй, гоё харагдсан, жимсний амттай аливаа тамхийг Монгол Улсад хэрэглэж болохгүй. Харин хамрын тамхи буюу уламжлалт монгол тамхинд ямар ч нөлөөлөл байхгүй. Ямар нэг хориг саад байхгүйг онцлон хэлье" гэжээ
Хуулийн шинэчлэлтийн хүрээнд дараах зохицуулалт хийгдэнэ.
- Электрон, халаадаг тамхи хуулийн зохицуулалтад орно. "Тамхи" гэсэн тодорхойлолтод никотин агуулсан бүтээгдэхүүн багтана. Ингэснээр эдгээрийг насанд хүрээгүй хүнд худалдахыг хориглож, татвар ногдуулна.
- Амт, үнэрийг хориглоно. Хамрын тамхи, усан хоолойгоор татдаг тамхинаас бусад бүх тамхи, татах төхөөрөмж, түүний эд ангид тамхинаас өөр амт, үнэр нэмэхийг хориглоно. Гааны амт ч энэ хоригт орно.
- Гаалийн албан татвар. Электрон тамхи, ууршуулж татах төхөөрөмж, тэдгээрийн эд анги, тамхины гаанс, соруулд 20 хувийн гаалийн албан татвар ногдуулна.
- Савлагаа. Янжуур тамхийг нэг хайрцагт 20-оос цөөн ширхгээр, задгай тамхийг 200 граммаас бага хэмжээгээр худалдахыг хориглоно.
- Зурагт анхааруулга. Анхны төсөлд анхааруулга савлагааны нүүрэн талын 70-аас доошгүй хувийг эзэлнэ гэж заасан байв. Анхны хэлэлцүүлгээр үүнийг "техникийн зохицуулалтад нийцсэн байх" болгож өөрчилсөн.
- Худалдааны цэг. Тамхийг худалдан авагчид харагдахгүй газар байршуулж, хүсэлтээр нь үзүүлнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.