Монгол Улсын геологи, уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд үр ашигтай оруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилтын хүрээнд боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Их Хурлаар эцэслэн баталлаа.
Энэхүү хууль нь геологийн судалгаа, эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, байгалийн баялгийн үр өгөөжийг урт хугацаанд нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүйн шинэчлэлийн чухал алхам юм.
Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур салбарын нэг болох уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн ашигт малтмал олборлоход бус, геологийн нөөцийг шинээр тогтоох, ордыг зохистой, иж бүрэн ашиглах, баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчны хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн цогц бодлого шаардлагатай байна.
Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах асуудлуудыг тусгасан. Үүнд:
Нэгдүгээрт, геологийн судалгаа, эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг сайжруулна. Ингэснээр ашигт малтмалын шинэ орд, илрэлийг нээн илрүүлэх, Монгол Улсын эрдэс баялгийн нөөцийг арвижуулах, салбарын урт хугацааны хөгжлийн суурийг бэхжүүлэх боломж бүрдэнэ.
Хоёрдугаарт, чухал ашигт малтмалын бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бэхжүүлнэ. Дэлхийн зах зээлд эрэлт нь нэмэгдэж буй стратегийн ач холбогдолтой эрдэс баялгийн нөөцийг тогтоох, ашиглах, боловсруулах чиглэлээр үндэсний ашиг сонирхолд нийцсэн бодлого хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.
Гуравдугаарт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Ашигт малтмалын нөөцийг иж бүрэн ашиглах, олборлолтоос боловсруулалт руу шилжих бодлогыг дэмжих нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгоход чухал нөлөө үзүүлнэ.
Дөрөвдүгээрт, уул уурхайн салбараас орон нутагт хүртэх өгөөжийг нэмэгдүүлнэ. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах хувь хэмжээг 2 дахин нэмэгдүүлж, нөлөөлөлд өртөж буй нутаг дэвсгэрт түлхүү хуваарилах бодлого хэрэгжүүлнэ.
Тавдугаарт, уурхайн нөхөн сэргээлт, хаалтын эрх зүйн зохицуулалтыг сайжруулна. Уурхайн нөхөн сэргээлт, хаалтын ажлын хэрэгжилт, санхүүжилтийн бүрдүүлэлтийг жил бүрийн уулын ажлын болон баяжуулалтын тайлантай уялдуулан тайлагнах тогтолцоог нэвтрүүлж, уурхайн хаалтын бэлтгэл, санхүүгийн хариуцлага, байгаль орчны нөхөн сэргээлтийн хэрэгжилтийг сайжруулах боломж бүрдэнэ.
Зургаадугаарт, зэсийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг олон улсын жишигт нийцүүлнэ. Ингэснээр зэсийн баяжмал үйлдвэрлэл 3.3 сая.тн хүртэл буюу 47 хүртэл хувиар, АМНАТ ногдуулалтыг 2.25 их наяд хүртэл буюу 37 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь эрдэс баялгийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, байгалийн баялгийн өгөөжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэсэн чухал эрх зүйн шинэчлэл юм.
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.