
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн 2 дугаар хавсралтад иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилга байгууламжуудын хэд хэдэн төсөл багтжээ. Үргэлжлүүлэн хэрэгжүүлэх таван төслийн өртөг болон шинээр хэрэгжүүлэх дөрвөн багц төслийн дүнг нийлүүлбэл 58.95 тэрбум төгрөгт хүрч байна. Үүнээс 2027 онд санхүүжүүлэхээр тусгасан дүн нь 22.90 тэрбум төгрөг юм. Үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ангилалд Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сүхбаатар гэсэн таван аймгийн суманд зориулсан иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилгын зардал анх 2024 онд 12 тэрбум төгрөг байхаар тусгагдсан байв. Харин 2027 оны төсвийн төсөлд зааснаар 17.35 тэрбум төгрөг болжээ. Өөрөөр хэлбэл анхны өртөгтэй харьцуулахад нийлбэр дүн нь 4.50 тэрбум төгрөгөөр буюу 35 орчим хувиар өссөн.
58.9 ТЭРБУМЫН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
2027 оны төсвийн төсөлд иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн есөн төсөл, багц арга хэмжээний өртөг 58.95 тэрбум төгрөгөөр тусгагдсан. Гэтэл төсвийн хавсралтад барилга тус бүрийн талбай, ашиглалтын зардал, хөрөнгө оруулалтын үр ашгийг харьцуулсан үзүүлэлтгүй байгаа юм. Ингэж татвар төлөгчдийн мөнгөөр барилга барих шийдвэрлэсэн бол түүний хэрэгцээ, өртөг, үр өгөөжийг ч мөн адил тайлбарлах шаардлагатай.
Уг хуулийн төслийн жагсаалтыг сөхвөл төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ гэх нэрийдлээр иргэдэд үйлчлэх мэдээллийн төвүүдийн барилга байгууламжид мөнгө зарцуулж байгаа. Гэтэл тус төвийн ач холбогдол зорилго тодорхойгүй. Ердөө барилга байгууламжид зориулсан зардал 58 тэрбум. Тэрбумаар хэмжигдэх ямар төрийн үйлчилгээ хийх гэж буй нь тодорхой бус байгаа юм. “Цахим монгол” болсон гэх боловч төрийн үйлчилгээг сумын иргэдэд барилга дотор өгөх нь сонголт болтойм.
ТҮШИГ СУМЫН ТӨСӨЛ | 2.45 тэрбум төгрөгөөс 7.04 тэрбум төгрөг хүртэл
Өртгийн өөрчлөлт хамгийн тод харагдаж буй жишээ бол Сэлэнгэ аймгийн Түшиг сумын иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилга юм.
Төсвийн хавсралтад уг төслийн анхны өртгийг 2.4539 тэрбум төгрөгөөр, сүүлийн өртөг болон 2027 оны өртгийн үзүүлэлтийг тус бүр 7.0367 тэрбум төгрөгөөр харуулжээ. Ингэснээр анхны дүнгээс 4.5828 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, анхны өртгөөс ойролцоогоор 2.87 дахин өндөр дүн болжээ. Тус төсөлд 2027 онд 2.8572 тэрбум төгрөгийн санхүүжилт төлөвлөсөн байна.
2027 онд шинээр санхүүжүүлэх барилгын жагсаалт
|
Төсөл, байршил |
Төсөлд тусгасан өртөг |
2027 онд санхүүжих дүн |
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын мэдээллийн төв |
3.413 тэрбум ₮ |
868.0 сая ₮ |
|
Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт төрийн үйлчилгээний мэдээллийн төвийн барилга худалдан авах |
13.000 тэрбум ₮ |
6.500 тэрбум ₮ |
|
Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн мэдээллийн төв |
7.037 тэрбум ₮ |
2.815 тэрбум ₮ |
|
Говь-Алтай аймгийн Бигэр, Төгрөг, Цээл, Шарга сумдын мэдээллийн төвүүд |
15.200 тэрбум ₮ |
6.672 тэрбум ₮ |
|
Нийт |
38.650 тэрбум ₮ |
16.854 тэрбум ₮
|
БАРИЛГА БАРЬСНЫ ДАРАА ТӨР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ҮҮ, ЭСВЭЛ ЗАРДЛАА НӨХӨХ ТӨСӨВ НЭХЭХ ҮҮ ?
Дээрх барилгууд ашиглалтад орсны дараа жил бүр гарах зардлыг хэн хариуцах вэ гэдэг асуудал бий. Халаалт, цахилгаан, цэвэрлэгээ, хамгаалалт, засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн шинэчлэл, ажилтнуудын цалин зэрэг зардал жил бүр гарна. Барилгыг барьж дуусгалаа гээд төсвийн дарамт дуусахгүй. Тухайн төвд ажиллах хүний нөөц, байрлах байгууллагууд, үзүүлэх үйлчилгээ тодорхойгүй байхад барилгын төсөв түрүүлж батлагдвал эсрэгээрээ асуудал үүсч болно. Барилга нь байна, харин үйлчилгээний зохион байгуулалт, ашиглалтын төсөв, ажиллах хүч нь хангалтгүй байх эрсдэлтэй.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон холбогдох захиалагч байгууллагууд төслийн өртгийн зөрүү, ажлын хэмжээ, худалдан авах үнийн үндэслэл, үйлчилгээний хэрэгцээ, ашиглалтын зардал, үр ашгийн тооцоог ил тод болгох шаардлагатай. УИХ ч төсөл бүрийн бодит үндэслэлийг нягталж байж хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргах нь зүйтэй.
Төр иргэдэд үйлчлэх гэж байгаа бол эхлээд ямар үйлчилгээг, хэнд, хэрхэн хүргэхээ тодорхой болгох ёстой. Үүний дараа хамгийн бага өртгөөр хамгийн их үр өгөөж бий болгох шийдлээ сонгох учиртай. Барилга бол төрийн үйлчилгээний зорилго биш. Зөвхөн үйлчилгээ үзүүлэх нэг боломжит хэрэгсэл. Харин барилга барих нь өөрөө төсвийн амжилт мэт ойлгож, өртөг ба үр өгөөжийн ялгааг орхивол татвар төлөгчдийн мөнгөний үр ашгийг хэмжих аргагүй болно.
Б.АМИ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.