
Францын эзэн хаан Наполеон Бонапартын тушаалаар 1809 онд илгээсэн, хоёр зуу гаруй жилийн турш тайлагдаагүй байсан цэргийн нууц захидлын шифрийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар тайлжээ. Судлаачдын мэдээлснээр уг ажлыг гүйцэтгэхэд зургаан цаг орчим зарцуулсан байна.
АНУ-ын SentinelOne кибер аюулгүй байдлын компанид ажилладаг хиймэл оюун ухааны инженер Картер Черч GPT-6 Astra загварыг ашиглан Наполеоны үеийн нууц захидлыг тайлсан тухайгаа танилцуулжээ. Уг баримт бичиг нь 1809 оны гуравдугаар сарын сүүлээр Францын генерал Огюст де Мармонд илгээсэн цэргийн мэдээ байсан бөгөөд нийт 217 жилийн турш бүрэн тайлагдаагүй байжээ.
Захидалд энгийн франц хэлээр бичсэн нэг мөрийн дараа тоо, үсэг болон гараар зурсан тусгай тэмдэгтүүд бүхий 24 мөр нууц бичвэр байжээ. Нийт 1,300 орчим шифрлэсэн тэмдэгт, 155 өөр төрлийн тэмдэг агуулсан уг баримтын кодын түлхүүр алдагдсан тул судлаачид олон жилийн турш агуулгыг нь бүрэн сэргээж чадаагүй байна.
Картер Черч хиймэл оюун ухаанд баримтын сканнердсан зургийг өгч, шифрийг тайлах даалгавар тавьжээ. Систем эхлээд зураг дээрх тэмдэгтүүдийг ялган таньж, ижил тэмдэгтүүдийг ангилсны дараа өмнө нь судлаачдын тогтоосон хэсэгчилсэн кодын хүснэгт болон франц хэлний хэв шинжид тулгуурлан үлдсэн кодыг тайлсан байна.
Энэ үйл явцад хиймэл оюун ухаан зөвхөн текст уншихаас гадна тооцооллын аргаар боломжит хувилбаруудыг шалгаж, түүхэн баримтуудтай тулган нягтлахад оролцжээ.
Наполеоны армийн байрлал, дайны бэлтгэлийн тухай байв
Тайлагдсан захидал нь Наполеоны дагавар хүү, Италийн ванлигийн захирагч Эжен де Богарне-гийн төвөөс генерал Огюст де Мармонд илгээсэн цэргийн мэдээ байжээ.
Тухайн үед Мармоны удирдсан цэргүүд Адриатын тэнгисийн зүүн эрэг орчмын Далмацид байрлаж байсан бөгөөд Францын бусад гол хүчнээс харьцангуй тусгаарлагдсан байв. Австри Францын эсрэг дайнд бэлтгэж байсан учраас Наполеон холбоотон болон Францын цэргийн хүчнүүд хаана байрлаж байгааг Мармонд мэдэгдэхийг хүссэн байна.
Захидалд Бавари, Польш, Франц болон холбоотон хүчний байрлал, цэргийн тоо, Австрийн эсрэг өрнөж болзошгүй ажиллагааны талаар өгүүлжээ. Мөн Мармонд тушаал ирэхэд дайсны цөөн тооны цэрэгт сүрдэж, ажиллагаагаа хойшлуулахгүй байхыг зөвлөсөн агуулга багтсан байна.
Наполеон 1809 оны гуравдугаар сарын 16-нд Эженд илгээсэн захидалдаа уг мэдээллийг шифрлэн, найдвартай элчээр дамжуулахыг тусгайлан даалгаж байжээ. Австри дөрөвдүгээр сарын 10-нд Бавари руу довтолсон тул тайлагдсан захидал нь дайны эхлэлээс ойролцоогоор хоёр долоо хоногийн өмнөх нөхцөл байдлыг харуулж байна.
Түүхэн шифр тайлах чиглэлээр судалгаа хийдэг, Cryptiana цахим санг хөтөлдөг Сатоши Томокиёо уг шийдлийг нягталсны дараа захидлыг тайлагдсан гэж бүртгэсэн байна. Гэхдээ энэ нь бие даасан олон судалгаагаар бүрэн баталгаажсан гэсэн үг биш юм.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар уг захидалд цоо шинэ түүхэн баримт илэрсэн гэхээс илүүтэйгээр Наполеоны өмнөх захидал харилцаанд дурдсан мэдээллийг өөр эх сурвалжаар сэргээн уншиж, тулган шалгах боломж бүрджээ. Түүнчлэн зарим тэмдэгтийн тайлбар тодорхойгүй хэвээр байгааг анхаарах шаардлагатай.
Энэхүү тохиолдол нь хиймэл оюун ухаан түүхэн баримт судлалд хэрхэн ашиглагдаж болохыг харуулж байна. Хуучин гар бичмэлийг таних, олон янзын тэмдэгтийг ангилах, кодын боломжит түлхүүрийг шалгах, түүхэн эх сурвалжуудыг харьцуулах зэрэг олон үе шаттай ажлыг нэгтгэснээр өмнө нь судлахад их цаг, тусгай мэдлэг шаарддаг байсан баримтуудыг шинжлэх шинэ боломж нээгдэж байна.
Гэхдээ судлаачдын хувьд хиймэл оюун ухааны гаргасан үр дүнг эх баримт, хэл шинжлэл болон түүхэн нөхцөлтэй тулган баталгаажуулах нь чухал хэвээр юм.
Эх сурвалж: Euronews, Live Science, Yahoo Tech.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.