
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол батлагдав.
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг иргэдийн цалин, тэтгэвэр, амьжиргааг хамгаалах шийдвэр хэмээн танилцуулсан. Гэвч төсвийн тоонуудыг задлан харвал 1.4 их наяд төгрөгийн “хэмнэлт”-ийн дийлэнх нь төрийн хэрэглээний зардлыг бодитоор танаснаас бус, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг өөрчлөх, зардлыг дахин хуваарилах замаар бүрджээ. Үүний зэрэгцээ төсвийн алдагдал 2.048 их наяд төгрөгт хүрэхээр тооцогдсон хэвээр батлагджээ. Тодотгол тойрсон УИХ-ын гишүүд, Засгийн газрын хэрүүл угтаа нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр өөрчлөгддөггүй шиг үйл явдал өрнөв.
Монгол Улсын төсвийн тодотголын гол уриа нь төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөг хэмнэн иргэддээ зарцуулах тухай байв. Цалин, тэтгэвэр нэмэх, хүнс болон шатахууны нөөц бүрдүүлэх, эрчим хүчний үнийн өсөлтөөс хэрэглэгчдийг хамгаалах гэх тулгамдаж буй асуудалд тулгуурласан мэт боловч их хэмжээний дарамтыг татвар төлөгч, аж ахуй нэгжүүдэд үүсгэхээр байна.
1. Төсвийн алдагдал 2.048 их наяд төгрөгт хүрэв
Үндэсний аудитын газрын төсвийн тодотголын төсөлд өгсөн дүгнэлтэд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.930 их наяд төгрөг, нийт зарлагын дээд хэмжээг 33.978 их наяд төгрөг, бүтцийн тэнцлийг 2.048 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тооцсон байна.
Өөрөөр хэлбэл, улсын төсвөөр 31.930 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж тооцсон атлаа зарлагын хэмжээг үүнээс 2.048 их наяд төгрөгөөр өндөр тогтоожээ.
Энэ нь төсөвт зарцуулах 100 төгрөг тутмын 6 төгрөг нь төлөвлөсөн тэнцвэржүүлсэн орлогоор нөхөгдөхгүй гэсэн үг. Төсвийн алдагдлаа ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх, өрийн дарамтыг хэрхэн удирдах, орлогын төлөвлөгөө тасарвал ямар арга хэмжээ авахыг бодитой тооцоолж үзээгүй гэж хэлэхэд буруудахгүй.
Анх баталсан төсвийн тооцоонд орлогыг 31.6 их наяд, зарлагыг 32.98 их наяд төгрөгөөр төлөвлөж байв. Харин тодотголын тооцоогоор орлогын төсөөлөл 330 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, зарлагын дээд хэмжээ 998 тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэ хоёр өөрчлөлтийн зөрүүгээр төсвийн алдагдал ойролцоогоор 668 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Ингэхээр тодотгол төсвийн алдагдлыг бууруулах бус, анх төлөвлөсөн хэмжээнээс өсгөсөн гэсэн үг.
2. “1.4 их наядын хэмнэлт”-ийн ердөө 30 орчим хувь нь сайд нарын урсгал зардлаас бүрджээ
Засгийн газар 1.4 их наяд төгрөг хэмнэх эх үүсвэрээ гурван хэсэгт хуваарилжээ.
- Сайд нарын төсвийн багцын урсгал зардлаас 433.4 тэрбум төгрөг.
- Нийслэлийн үнэт цаастай холбоотой эх үүсвэрээс 758 тэрбум төгрөг.
- Хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөг.
Эдгээрийн нийлбэр 1.4409 их наяд төгрөг болно. Нийт дүнгийн 30.1 хувь нь сайд нарын урсгал зардлын таналт, 52.6 хувь нь нийслэлийн үнэт цаастай холбоотой эх үүсвэр, 17.3 хувь нь хөрөнгийн зардлын бууралтаас бүрдэж байна.
Өөрөөр хэлбэл, “сайд нарын илүүдэл зардлыг танаж, ард түмэндээ зориулна” гэсэн олон нийтэд хүргэсэн мессеж нь бодит байдал дээр буугаагүй. Нийт хэмнэлт гэж нэрлэсэн мөнгөний ойролцоогоор 70 хувь нь сайд нарын урсгал зардлын таналт биш өөр эх үүсвэрээс танажээ.
3. Төсвийн орлого тасарсан атал орлогын төлөвлөгөөг биелүүлэх баталгаагүй
Засгийн газрын мэдээлснээр 2026 оны эхний найман сарын байдлаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөгт хүрсэн бол нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрчээ. Төсвийн орлого төлөвлөснөөс 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрсөн гэж мэдээлсэн байна.
Харин тодотголын жилийн орлогын төсөөлөл 31.930 их наяд төгрөг. Эхний найман сарын 17.3 их наяд төгрөгөөс энэ зорилтод хүрэхийн тулд үлдсэн дөрвөн сард 14.63 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх шаардлагатай.
Энэ нь сүүлийн дөрвөн сарын хугацаанд сар бүр дунджаар 3.66 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх хэрэгтэй гэсэн үг. Эхний найман сарын дундаж орлого 2.16 их наяд төгрөг байсантай харьцуулбал үлдсэн хугацаанд шаардагдах сарын дундаж орлого ойролцоогоор 69 хувиар өндөр байгаа юм. Мэдээж төсвийн орлого сар бүр жигд төвлөрөхгүй. Уул уурхайн экспорт, нүүрсний борлуулалт, татварын төлөлтийн хугацаанаас шалтгаалан улирлын хэлбэлзэл гардаг.
Орлого төлөвлөснөөс тасарсан шалтгааныг тайлбарлах боломжгүй. Хэрэв орлого тасарвал Засгийн газар дахин зардал танах эсвэл зээл нэмж авах хоёр л сонголттой нүүр тулна. Ийнхүү төсөөллөөр төсвийг баталсан бөгөөд эцэстээ иргэд үнийн дарамт, татварын ачааллыг нуруун дээрээ үүрэх гэж байна.
4. Цалин, тэтгэврийн нэмэгдэл 2027 оны төсөвт дарамт үүсгэх эрсдэлтэй
Төсвийн тодотголд эрүүл мэндийн салбарын цалинг 20 хувиар нэмэгдүүлэхэд 90 тэрбум, соёл, спорт болон төрийн үйлчилгээний бусад салбарын цалинг 50 хувь, шинжлэх ухааны салбарын цалинг 35 хувиар нэмэгдүүлэхэд 80.1 тэрбум төгрөг тусгасан. Мөн ахмад настнуудад суурь тэтгэвэр олгоход 196.3 тэрбум төгрөг хуваарилахаар танилцуулжээ.
Эдгээр арга хэмжээ 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ гэж тооцвол зарим зардлын санхүүжилт тухайн жилд ердөө хоёр сарын хугацааг хамарна.
5. Зээллэгийн хэмжээ өсөж, зээлийн хүү төсвийн том ачаа хэвээр үлдэв
УИХ-д эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсвийн баримт бичигт Сангийн сайдын багцад зээлийн хүүгийн төлбөрт 1.299 их наяд төгрөг тусгасан байна. Энэ нь зөвхөн хүүгийн төлбөр. Гэхдээ нэг жилийн төсөвт 1.3 их наяд орчим төгрөгийг зөвхөн зээлийн хүүд зарцуулахаар тусгасан нь улсын санхүүгийн боломжийг харуулж байна.
6. Эрчим хүч, хүнсний нөөцөд мөнгө гаргасан ч зах зээлийн суурь асуудал арилах уу?
Төсвийн тодотголд эрчим хүчний салбарт нийт 200 тэрбум төгрөг хуваарилахаар төлөвлөсөн. Үүнээс 107.3 тэрбум нь үнийн өсөлтөөс хэрэглэгчдийг хамгаалах дэмжлэг, 92.7 тэрбум нь их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд зориулагдана. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбарын энэхүү санхүүжилтийн 53.7 орчим хувь нь хэрэглэгчдэд үнийн дарамт үүсгэхгүй байх дэмжлэгт, 46.3 орчим хувь нь засвар шинэчлэлд чиглэж байгаа. Энэ нь хэрэглэгчдийг огцом үнийн өсөлтөөс хамгаалах бодлого гэх.
Мөн хүнс, шатахууны нөөц бүрдүүлэхэд 150 тэрбум төгрөг тусгасан нь нийлүүлэлтийн тасалдлыг зөөлрүүлэх зорилготой гэжээ.
Ийн 2026 оны төсвийн тодотголд цалин, тэтгэвэр, хүнс, эрчим хүчний чиглэлээр иргэдэд хэрэгтэй арга хэмжээнүүд багтсан гэж байгаа. Сайд нарын урсгал зардлын таналтаас бүрдэж байгаа гэж олон нийтэд мэдээлж байгаа боловч начир дээрээ 1.4 их наяд төгрөгийн ердөө 30 хувийг сайд нарын зардлаас бүрдэж байна. Ийнхүү өнгөн дээрээ “гоё” нэртэй төсвийн тодотгол батлагдав. Харин цааш ард түмэн, татвар төлөгчидөд үүсэх нөхцөл байдлыг бид таашгүй.
Б.АМИ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.