
Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглан Хятад руу цахилгаан экспортлох 4.5 гигаваттын хүчин чадалтай төсөл хөгжүүлэхээр “Петро Матад” болон Саудын Арабын ACWA компани хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Уг мэдээллийн дараа “Петро Матад” компанийн хувьцааны ханш 14 хувиас дээш өсөж, нэг пенст хүрсэн байна.
Монгол Улсад газрын тосны хайгуул хийдэг Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй “Петро Мата” компанийн охин компани “SunSteppe Power” нь Саудын Арабын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй, эрчим хүчний салбарын ACWA компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.
Төслийн хүрээнд Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөц болон Хятадтай хил залгаа орших газарзүйн давуу талыг ашиглан хил дамнасан цахилгаан эрчим хүчний экспортын дэд бүтэц хөгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн эрчим хүчний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор 500 мегаватт-цагийн багтаамжтай батарей хуримтлуурын системийг төсөлд тусгахаар болжээ.
Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт шинэ боломж
“Петро Матад” компанийн гүйцэтгэх захирал Майк Бак ACWA компани Монголын зах зээлд нэвтэрч буй нь сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжилд чухал ахиц болно гэж онцолсон байна. Түүний хэлснээр, олон улсын төслийн санхүүжилтийн туршлага болон Монголын зах зээлийн талаарх орон нутгийн мэдлэгийг хослуулах нь цахилгаан экспортын төслийг цааш хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой аж.
Харин ACWA компанийн Хятад дахь үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч Салех Аль Хабти Монголын сэргээгдэх эрчим хүчний арвин нөөц, Хятадтай ойр байршил нь хил дамнасан цэвэр эрчим хүчний худалдааг өргөжүүлэх боломж олгож байгааг тэмдэглэжээ. Тэрбээр энэхүү санаачилга нь Хятадын найдвартай эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад хувь нэмэр оруулах боломжтой гэж үзэж байна.
Гэхдээ одоогоор талууд зөвхөн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд төслийн эцсийн хөрөнгө оруулалтын шийдвэр, барилгын ажлыг эхлүүлэх хугацааг зарлаагүй байна.
570 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний төслийн багц
Хөрөнгө оруулагчдын анхаарал зөвхөн 4.5 ГВт-ын экспортын төсөлд бус, “Петро Матад” компанийн SunSteppe Renewable Energy хамтарсан компанийн одоо хэрэгжүүлж буй төслүүдэд чиглэж байна.
Тус компанийн багцад нийт 570 МВт-ын хүчин чадалтай дараах төслүүд багтаж байгаа аж. Үүнд:
-Нарны эрчим хүч, батарей хуримтлуурын гурван төсөл;
-Салхи, нарны эрчим хүч болон батарей хуримтлуурыг хослуулсан нэг төсөл.
“Петро Матад” компанийн тооцоолсноор, эдгээр төслийг барилгын ажил эхлүүлэхэд бэлэн түвшинд хүргэсний дараа 2027–2029 онд Монголын зах зээлийн жишиг үнэлгээнд үндэслэн 20–30 сая ам.долларын хөгжүүлэлтийн нэмэлт үнэ цэнэ бий болгох боломжтой аж.
Үүнээс гадна тус компани нийт 124 МВт-ын хүчин чадалтай байж болох шинэ төслүүдийг тодорхойлсны дотор Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилт авах боломжтой ногоон устөрөгчийн төсөл багтжээ. Мөн Монголын уул уурхайн компаниудын төвлөрсөн сүлжээнээс ангид сэргээгдэх эрчим хүчний хэрэгцээ 500 МВт-аас давах боломжтой гэж тооцоолсон байна.
Төслийн цаашдын ач холбогдол
Хэрэв төлөвлөж буй экспортын төсөл бодит ажил хэрэг болбол Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг өргөжүүлэх, эрчим хүчний экспортын шинэ эх үүсвэр бий болгох, гадаадын хөрөнгө оруулалт татах боломж бүрдэх юм.
Гэсэн хэдий ч 4.5 ГВт-ын хүчин чадалтай экспортын төсөл нь одоогоор урьдчилсан шатандаа байгаа тул санхүүжилт, дамжуулах шугамын дэд бүтэц, экспортын зохицуулалт болон хэрэгжүүлэх хугацаа зэрэг гол нөхцөлүүд тодорхой болох шаардлагатай байна.
Эх сурвалж: Proactive Investors. Petro Matad компанийн мэдээлэлд үндэслэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.